Дэлхийн зэсийн уурхайнууд ногоон шилжилтээс үүдэх эрэлтийг хангахад хүндрэлтэй тулгарах хүлээлт бий болоод буй энэ үед зэсийн үнэ 2022 оноос хойш анх удаагаа тонн нь 10 мянган ам.доллар давлаа.
Баасан гарагийн арилжаагаар зэсийн фьючерс үнэ Лондоны металлын биржид 1.4 хүртэлх хувиар өссөн нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших дээд дүн болсон байна. Ингэснээр зэсийн үнэ он гарсаар 17 хувиар өсөөд байна.
Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжсэний зэрэгцээ олборлогдсон зэсийн нийлүүлэлтэд хомсдол үүсэх дохионууд ажиглагдаж эхэлсэн нь сүүлийн саруудын өсөлтөд нь түлхэц болжээ.
Зэсийн шинэ уурхайнуудад дорвитой хөрөнгө оруулалт татахын тулд тус металлын үнэ тонн нь 12 мянган ам.долларт хүрэх шаардлагатай гэсэн байр суурийг BlackRock фирм илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногийн дээд түвшнээсээ дахин 20 хувиар өсөх хэрэгтэй гэсэн үг юм.
Үүнээс гадна одоогийн зэсийн нийлүүлэлт нь БНХАУ-ын сул эрэлтийг ч хангаж дийлэхгүй байгаа тул ногоон шилжилтийн гол суурь болсон тус металлын үнэ зайлшгүй өсөх шаардлагатай гэж тус сангийн мэргэжилтэн үзжээ.