“Плэйтайм – 2024” хөгжмийн наадам долдугаар сарын 4-нөөс 7-ныг хүртэл Налайх дүүргийн шинэ талбайд зохион байгуулагдахаар болжээ.
Энэ талаар тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр “Novotel Ulaanbaatar Hotel”-д хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Уг наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэйгөөрөө олонд танигдсан билээ. Энэ жилийн хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид багтаж байгаа нь Азидаа тэргүүлэх наадмын хэмжээнд хүрснийг онцлов.
Тодруулбал нийт 15 тайзанд 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцоно.Түүнээс гадна олон улсаас 21 улсын 50 хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүн ирэх аж.
“Playtime” фестиваль нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа эрэмбэлэгддэг том наадам. 2013 оноос хойш гадаад хамтлаг дуучдыг урьж оролцуулж байгаа уг фестиваль зөвхөн дотоодын том арга хэмжээ төдийгүй Азийн топ болох зорилгодоо хүрсэн юм.
Налайх дүүргийн шинэ талбайд монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй тайзнуудыг бүтээнэ. Тайзны загвараар орчин үеийн болон уламжлалт хөгжмийн хосолсон өнгө төрхийг харуулна.
Үүнээс гадна манай наадмын хөтөлбөрт “Play Time Plus” буюу хөгжмийн бус хөтөлбөр гэж бий. Үүгээр Монголын урлагийн түүхийг хүмүүст сурталчилсан арга хэмжээнүүд болох юм.
Манай наадмыг зорин ирж буй үзэгчдэд өөрийгөө хайрлах, эрүүл байх сэтгэлгээг хөгжүүлэхийг хүсэж буй. Тиймээс манай хөгжмийн бус хөтөлбөрт иог, бясалгал зэрэг хувь хүний хөгжлийн сэдэвтэй арга хэмжээ явагдана. Мөн эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан үйл ажиллагаа болно. Энэ жилийн манай наадмын уриа нь “Earth. Music. Art. Love”. Тиймээс наадмын хөтөлбөр нь энэ дөрвөн үгийг илэрхийлсэн байдлаар тусгасан гэдгийг онцолъё” гэж ярилаа.
Өнгөрсөн жил үер усны аюулаас шалтгаалан уг наадмыг бүрэн зохион байгуулж чадаагүй тул энэ удаад байршлаа сольж буй аж.