Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн уран зургийн галерейд өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж, есөн ширхэг уран зургийг хураан авч байв.
Хуулийнхны хураан авсан зурагт Их тэнгэрээс алга болсон уран зургууд байсан бөгөөд уг хэрэг тэгэсгээд намжсан. Тэгвэл Х.Болдбаатарыг уг хэрэгт холбогдуулан дахин шалгаж эхэлжээ.
Өчигдөр түүний гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан бөгөөд энэ хэргийг ЭЦА-аас үргэлжлүүлэн шалгаж байна.
“Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхлэж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.
Х.Болдбаатараас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгалтын ажиллагааны нууцын гэрээнд гарын үсэг зурсан учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Х.Болдбаатар 2019 онд “Надад олон зургийн цуглуулга бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй хувь заяаны тохиолоор учирсан. Би 1988 онд Зүүн баянгийн цэргийн ангид албаж, халагдаж ирсэн. Би дээрээ ганц эгчтэй. Цэргээс ирэхэд эгчтэй минь хань болох хүн Ц.Элбэгдорж гуай болж таарсан. Тэр үед ах Орост төгсөөд ачаа нь байгаа гэсэн. Ачаа нь ирэхэд мотоцикл, орос цэргийн ном, Оросын зураач нарийн сувнерүүд гарч ирж байсан. Тэр үеэс нь бид хоёрын сонирхол нэг юм гэдгийг мэдсэн. Ингээд 1980-иад оноос зураг цуглуулж эхэлсэн. Хүн 1000 гарахаараа малаа тоолдоггүй гэдэг дээ. Надад бол уран зургийн цуглуулга байн аа, байна. Ц.Элбэгдорж хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ 600 зурагтай гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ бид Их тэнгэрийн ханан дээрээс зураг хулгайлах, аваад гарах хүмүүс биш” гэж ярьж байжээ.