“JCI Монгол” байгууллагын “JCI ЭКО” салбар байгууллагын санаачилгаар 2018 оноос хойш Богд хан уулын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, унаган төрхөөр нь ирээдүй хойч үедээ үлдээх зорилго бүхий Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аян “Залуу ой” урт хугацааны төслийг санаачилсан.
Энэхүү төсөл нь Богдхан уулын Их тэнгэрийн зүүн аманд шинэ залуу ойг үүсгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болон JCI Монгол байгууллагын гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор өнөөдрийг хүртэл тасралтгүй 6 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, нийт 5 төрлийн 3500 модыг тарьж ургуулаад байна.
2024 онд 4000 мод тарихаар төлөвлөсөн бөгөөд Залуу ой төслийн энэ жилийн нээлтийг 2024/5/11-ний өдөр 20-д байгууллага, сайн дурынханы 600 гаруй хүний оролцоотойгоор 800 модыг тарилаа.
Богдхан уул нь Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул бөгөөд Богд хан уулын ой нь сэрүүн бүс Сибирийн ой тайгаас Төв Азийн хуурай хээр, говь, цөлийн бүсийн торгон зааг дээр ургадаг өвөрмөц тогтоцтой уул юм.
Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирэх хүслийг тээсэн иргэн бүрийг энэхүү Үндэсний аянд нэгдэхийг уриалж байна.
JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА