УИХ-дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, АН-ын дарга Лу.Гантөмөрийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр: “Ардчилсан Нам УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн байгаа. Бэлтгэлээ бүрэн хийсэн. АН-аас нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулж, зарласан. 2016 оны сонгууль, 2020 оны сонгуульд АН ялагдаж, бүлэг байгуулах хэмжээнд л очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдал хүлээсэн. Энэ бол АН-ын сонгууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Энэ удаагийн сонгууль Монголд ардчилал байх уу? үгүй юу? гэдгийг шийдэх сонгууль болно. Монголд үүсээд байгаа асуудлуудыг шийдэх парламентыг сонгох гэж байгаагаараа онцлогтой. Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах, ажилгүйдлийг багасгах, үнийн өсөлтийн дарамтыг багасгах хүмүүсийг УИХ-д илгээгээрэй гэдэг хүсэлтийг ард түмэн өгч байна. Өрийн дарамтанд бүгд орсон байна. Өрийн дарамтаас Монгол Улсаа чөлөөлөх нь АН-ын нэр дэвшигч 126 хүний хийх гол ажил болох юм. Тойрогт өрсөлдөх 78 хүн маань чадалтай, чансаатай, өрсөлдөж чадахуйц, ард түмний хүлээлттэй байгаа хүмүүс. Нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг шийдэж чадах хүмүүсийг бидэн рүү явуулаарай гэж иргэд хүссэн.
Тийм учраас ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлж байгаа. Үйлдвэрлэл бий болох ёстой гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг нэр дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж байгаа.
Хуучин улстөрчдөөсөө ихэнхийг нь хойш нь суулгасан. АН-аас нэр дэвшиж байгаа 126 хүний 102 нь цоо шинэ хүмүүс байна. Үүнийг тогтоогоод аваарай. Бид туршлага харахаас гадна ард түмний итгэлийг авч чадах шонхоруудыг илгээсэн шүү. Жагсаалтанд орсон 48 хүний хувьд улстөрийн туршлагатай 4-5 хүн байгаа. Бусад нь салбар бүрийн төлөөлөл багтсан. Ардчилсан нам Монголын ардчиллыг хамгаалж сонгуульд оролцоно. Намын шийдсэн шийдвэр нэг байгаа.” гэв.