Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд хэрэгжих 12 дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ажиллагааг 2017 оны 2 сарын 24-ний өдөр Чингис хотод зохион байгууллаа. Нээлтэд яам тамгын газрын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдээс бүрдсэн 1000 орчим хүн оролцсон юм.
Энэхүү дэд хөтөлбөрүүдийг иргэдийн аж амьдрал, санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд бүхэлдээ иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх, аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг дэмжих, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт олон санал санаачилга гаргасан хөтөлбөрүүд болсон билээ. Үүнд:
– \”Бүх нийтийн эрх зүйн боловсрол”
– \”Архидалтгүй Хэнтий”
– \”Эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжил”
-Аялал жуулчлал, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлээр \”Чингис брэнд”, \”Хэнтий брэнд”, \”Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, \”Хоршоог хөгжүүлэх”, \”Ажилтай орлоготой өрх”
– Бүтээн байгуулалтын чиглэлээр \”Сумын шинэ төв”, \”Манай гудамж-Гэрэлтэй гудамж”, \”Мянган нуурын хотгор”, \”Төрөлх нутагтаа бид” гэсэн 12 чиглэлээр дэд хөтөлбөрүүд хэрэгжих юм.
Уг үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ \”Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө нилээд шаардлагатай тул зөвхөн улсын төсөвт найдаад суулгүй бусад эх үүсвэрүүдийг олох, гадны хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудыг зохион байгуулж, иргэдтэйгээ хамтдаа хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд урилгаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЗГХЭГ-ын орон нутгийн бодлого зохицуулалтын газрын ахлах референт н.Лхагвасүрэн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга н.Баатарсайхан, БОАЖ-ын сайдын Аялал жуулчлалын салбар хариуцсан зөвлөх, доктор н.Гансүх, ГХБХБЯ-ны газрын дарга н.Гүнболд, ЦЕГ- ын НХЖХА-ын Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мөнхсолонго болон ЦДБЭЧуулгын уран бүтээлчид, хошин урлагийн \”Пароди” хамтлаг оролцлоо.