Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдал, үерийн аюулаас сэргийлэх чиглэлд авах арга хэмжээний талаар албаныхан мэдээлэл өгч байна.
Зуны цаг агаарын төлөвийн талаар ЦУОШГ-ын Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий инженер Д.Жаргалан дараах мэдээллийг танилцуулсан юм.
Тэрбээр “Зургаадугаар сарын эхний арван хоногт олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд үргэлжилнэ.
Хур тунадас зургаадугаар сарын 1, 2, 3-нд хойд хэсгээр буюу уулархаг нутгуудаар орох магадлал өндөр байна. Зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй.
Хоёрдугаар арван хоногийн хувьд хур тунадас харьцангуй бага, олон жилийн дунджаас дулаан өдрүүд үргэлжлэх хэдий ч дундуураа түр зуурын аадар борооны давтамж ажиглагдах магадлалтай. Мөн гуравдугаар арван хоногтоо ахиу бороотой.
Ирэх сарын сүүлээр олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд үргэлжлэхээр байна.
Зургаадугаар сарыг базаад хэлбэл баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Говийн аймгуудаар хур тунадас харьцангуй бага орно. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу тунадас орох төлөв гарсан байгаа.
Энэ зун нэлээд бороотой, сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байгаа. Ялангуяа төв, зүүн аймгуудын нутгаар илүү хур тунадастай, аадар борооны давтамж өндөр байх төлөв гарсан” гэж хэллээ.