“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр
хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр “Хууль хүний царай хардаг байдал сүүлийн үед улс төрийн зорилготойгоор гарах болсон. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр МАН-аас хөөгдсөний дараа Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Шийдвэр гармагц 23 цагийн дотор эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Зохиосон хэрэг нь хуульд нийцэхгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, гэрчийн мэдүүлэг, тайлбар авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргах зэрэг ноцтой асуудлууд болсон. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байсныг нэр төртэйгөөр дуусгасан.
“Үндэсний эвсэл”-ийн зорилго иргэдийн эрхийг хамгаалах, хувийн хэвшлээ хамгаалах зорилготой. Үүнийг гүйцэлдүүлэхээр 9 дэх удаагийн сонгуульд оролцохоор хуульд заасны дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж ажилласан. Хуулийн дагуу ЦЕГ-аас лавлагаа хүсэхэд сонгуулийн хуульд байхгүй зүйл, заалтыг үндэслэж, албан ёсны хариу ирүүлж байсан. Үүнийг хэлэхэд хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлэх зорилгоор дахин тодорхойгүй хариунуудыг өгсөн.
Сонгуулийн тухай хуулийн 29.9-д зөвхөн авлига, албан тушаалын хэрэг буюу эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл хамаардаг болох нотлох баримтуудыг хавсаргаж явуулсан байгаа, хариу нь ирдэггүй.
Өмнөх хариуд эрүүгийн хуулийн 23 буюу хайнга хандсан нь сонгуулийн хуулийн 29.9-д хамаарах мэтээр учир битүүлэг тайлбар өгөөд байдаг. Хоёрхон тоонд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй ЦЕГ будилна гэж байхгүй.
Прокурорын Ерөнхий Газрын хариуд эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд хамаатуулна гэж тодорхой бичих атал “Үндэсний эвсэл”-д өгч буй хариу тодорхойгүй.
Надад байгаа мэдээллээр үүнд үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтыг тэргүүлж байгаа намайг хасах шийдвэр гаргаж байгаа юм байна” гэж ярилаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолд:
“Нямтайширийн Номтойбаяр нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай” гэсэн байна гэж тэрбээр уншиж, танилцууллаа.
“Бид нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд хандахаар хуульчдын багийг бүрдүүлсэн.
Улс орны төлөө юу хийх гэж байгаа, хямралт байдалд орсноосоо яаж гарах гэж буй талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөртэй “Үндэсний эвсэл”-ээс халз мэтгэлцэхэд бэлэн байна.
Улс төрийн арчаагүй үйлдлийг өдөөн дэмждэг хиамчид, троллчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нотлох баримтыг цуглуулж байгаа, нэгтгээд хуулийн байгууллагад хандана” гэв.