Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргын амь насыг хохирсон хэргийн улмаас МАН-аас УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсноо мэдэгдсэн.
Тэгвэл аль нэг намын удирдлага мэдэгдэл хийснээр төрийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэр татагдах уу?
Энэ асуултад хариулт болох хуулийн заалтыг танилцуулъя.
Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 32.13-т “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” хэмээн заасан байдаг.
Хуулийн заалтаас харвал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийснээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын нэрийг эгүүлэн татах боломжгүй аж. Тэгвэл энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодрууллаа.
СЕХ “Нэр дэвшигчийг бүртгээд, үнэмлэх гардуулж, саналын хуудаст нэрийг нь оруулсан байхад түүнийг эгүүлэн татах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй. Харин тухайн нам, нэр дэвшигч сонгогчдын саналыг авахгүйн тулд сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж болох юм. Гэхдээ одоогийн байдлаар МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсон тухай албан бичиг ирээгүй байна.
Нэгэнт саналын хуудаснаас тухайн нэр дэвшигчийн нэрийг хасахгүй учир УИХ-ын гишүүнээр сонгогдох хэмжээний санал авахыг үгүйсгэхгүй. Яг үүнийг зохицуулсан хуулийн заалт байхгүй. Тиймээс энэ тохиолдолд нам, эвсэл нь тухайн нэр дэвшигчтэйгээ ёс зүйн хариуцлага тооцох байх” гэлээ.
Дээрх хариултаас харахад, ёс зүйн хариуцлага хүлээж буй улс төрийн хүчин, нэр дэвшигч өөрсдөө сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэхээс өөрөөр сонгуулийн үйл ажиллагаанаас хасагдах боломжгүй аж.
МАН-аас гаргасан мэдэгдлээр Г.Сайханбаярын сонгуулийн ажил дуусгавар болох уу эсвэл өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж сурталчилгаагаа өндөрлүүлэх үү гэдгийг харах үлдлээ.