Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Зургаадугаар сарын 23-ны 06.00 цагийн байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор өмнөх өдрийн 22.00 цаг орчоос 53 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 71 см-ээр давж, 2023 оны үерийн түвшинг 21 см даван хүчтэй үерлэж байна.
Туул голын дагуу цаашдаа усны түвшин үргэлжлэн нэмэгдэнэ. Үерийн прогнозоор 6-р сарын 24-нд Алтанбулаг орчмоор өмнөх өдрөөс 80-90 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см давна.
Иймд Туул голын үерийн хамгаалалтгүй хэсэг буюу хотын дээд болон ялангуяа доод хэсэг болох Био, Сонгино орчим, Улаанбаатар хотоос доош голын дагуу голын татам, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, ард иргэд байгууллагуудад урьдчилан сэргийлэх мэдээ хүргэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ яаралтай төлөвлөн хэрэгжүүлэхийг төр засаг, нийслэл, мэргэжлийн байгууллагуудад онцгойлон анхааруулж байна.