ХҮН намаас сонгуулийн үер дүнгийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “УИХ-ын сонгууль өндөрлөлөө. Манай намын зүгээс сонгуульд дөрвөн жил бэлдэж ажилласан. Сонгуулийн үр дүнгээр тойргийн хэмжээнд 635,000 сонгогч, жагсаалтаар 151,000 сонгогч, гадаадад оршин суугаа монголчууд хамгийн их саналыг манай намд өгсөн байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол Монгол Улсад нэг намын систем тогтоно. Парламентад нийгмийн төлөөллүүдийг оруулж, улс төрийн хүчнүүдийг бий болгох нь ардчиллыг хамгаалах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бид хичээж, манлайлж, шахаж ажилласан. Үр дүнд нь парламентад таван улс төрийн хүчин орж ирлээ. Цаашид олон болох хүлээлттэй байна.
Энэ удаагийн парламентад орж буй улс төрийн хүчнүүд бодлого, мэтгэлцээнээр иргэдийн төлөөлөл болж ажиллаасай гэж хүсэж байна.
Одоогийн байдлаар УИХ-д суудалтай байгаа МАН, АН, ХҮН нам тойргоос гишүүдтэй болж чадлаа. ИЗНН, Үндэсний Эвсэлийн хувьд тойргоос биш жагсаалтаар УИХ-д дөрөв, дөрвөн суудалтай болж байна.
Тойргийн тогтолцоогоор мөнгөний сонгууль болдог, цааш сүлжээ үүсгэдэг, хатуу гишүүнчлэлийг бий болгодог нь ХХ зууны социалист загвар дээр тулгуурласан хэв маягийг үргэлжлүүлэх гээд байгаа юм. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг дахин өөрчилж, пропорциональ менементийг илүү оруулан залуучууд, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг парламентад оруулах шаардлагатай байгааг бүгдээрээ харлаа.
УИХ-д суудал авч буй улс төрийн хүчнүүдэд Монгол Улс ялдаг тогтолцоо руу дахин том алхах цаг нь болсныг уриалж байна. Сонгуулиас зургаан сар болон нэг жилийн өмнө асуудлаа ярьж, ялсан нам нь өөрсдөдөө тохируулж дүрмээ тогтдог байдлыг өөрчлөх хэрэгтэй. Сонгууль дууссаны дараа ярьдаг байх нь зүйтэй.
Ямар ч байсан өмнөх парламентаас илүү үр дүн гарлаа. 80 хувийн суудалтай мөртлөө иргэдээс 40 хувийн санал авдаг нам, иргэдээс 30 хувийн дэмжлэг авчхаад парламентад 11-хэн суудалтай сөрөг хүчин, ХҮН намын хувьд иргэдээс 20 хувийн дэмжлэг авчхаад ганц суудалтай байсан байдал засагдаж байна.
ХҮН намын нэг суудал найм боллоо. Энэ нь монголчуудын захиалга байсан. Найман суудлыг 80 суудалтай юм шигээр парламентад мэтгэлцээн өрнүүлж, сонирхолтой, эрүүл бодлогод бусад улс төрийн намуудыг манлайлж ажиллах болно.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 100% пропорциональ элемент рүү орж байж төлөөллийн ардчилал, парламентыг бэхжүүлэх юм гэдгийг албна ёсоор мэдэгдэж байна. Бид бүлэг байгуулах ажил руугаа орно.
Иргэдийнхээ өгсөн мандатыг нэр төртэй, хэлсэн амандаа хүрч, хариуцлагатайгаар ажиллана” гэж ярилаа.