Өчигдөр Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Хоёр түймэрт нийт 19450 га орчим талбай өртсөн байна. Тодруулбал,
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 23:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 200 км замыг туулан 07.15-ны өдрийн 04:05 цагт очиж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 19250 га орчим талбай өртжээ.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Уртын гол” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 09:10 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 11:15 цагт очиж ажиллажээ. Улмаар түймрийг өчигдөр 12:10 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га орчим талбай өртсөн.