Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.
Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирэхээр төлөвлөгджээ.
Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна.
Эхний жилүүдэд Хэнтий, Дорнод аймгийн буриадууд амьдардаг сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан ч жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцох болжээ.