Боловсролын сайд П.Наранбаяр багшийн дутагдал ямар хэмжээнд байгааг дараах жишээгээр тайлбарлалаа.
Тэрээр “Багшийн дутагдлыг ганцхан жишээгээр тайлбарлая. Физикийн багшийн дутагдал их байгаа. МУИС жилд хэдэн хүнийг физикийн чиглэлээр төгсгөж байна вэ гэхээр, 2024 онд найм, 2023 онд хоёр, 2022 онд долоон хүнийг төгсгөсөн.
МУБИС жилдээ 30-40 орчим хүнийг физикийн багшаар төгсгөж байна. Энэ жилийн наймдугаар сарын байдлаар физикийн 190 багшийн дутагдалтай байсан. Гэтэл есдүгээр сарын байдлаар 11 багш ажилд орсон. Сумдаар явахад физик, химийн багшгүй байгаа. Мөн тэтгэвэрт гарчихсан математикийн багш нь 26-27 цаг хичээл заагаад явж байгаа. Хотын захын сургуулиудад физикийн багш нь 40 цагийн ачаалалтай явж байна” гэв.