“Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болжээ.
БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцсан байна.
Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав. Хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн. Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад илэрхийлэв. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.
“Huawei” компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.