Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ.
Тэрээр архидан согтуурсан үедээ бусадтай маргалдан, улмаар биед нь халдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.Үүний дараа Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажилтнаа зодож танхайрсан тухайд цагдаагийн байгууллагад СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан хүн ГССҮТ-д 2024 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл иржээ.
Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж, гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд хэргийг шалгаж байгаа хэмээн Цагдаагийн байгууллага энэ сарын 11-нд мэдээлсэн юм.
Засгийн газрын /2020.08.05/ ээлжит хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон. Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерын программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажиллажээ.