Эх сурвалж: GoGo.mn
Өвлийн улирал хаяанд ирсэн энэ цаг үед байшингаа хэрхэн дулаалах уу? гэж санаа зовж байна уу? Байшингаа сургагдсан бригадаар дулаалуулъя гэхээр санхүү мөнгө дутаад хойшлуулаад байна уу? Хэрэв тийм бол танд дуулгах сайхан мэдээ бидэнд байна.
Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй Дулаан шийдэл II төслийн хүрээнд хэрэгждэг Хялбар шийдэл аян нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргүүд, Дархан-уул аймагт хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү аяны зорилго нь хямд өртөгтэй материал, хялбар аргаар байшингаа дулаалахыг айл өрхүүдэд уриалах, дулаалгын ач холбогдлыг таниулах юм. Аяны хүрээнд сургагдаж бэлтгэгдсэн сургагч багш, сайн дурын идэвхтнүүд иргэд олон нийтэд :
-
Дулаан алдагдлыг хэрхэн таньж мэдэх
-
Дулаалгын ач холбогдол
-
Хялбар аргаар хэрхэн цонх, хаалга, шал, хана, яндан хоолойг дулаалах талаар мэдлэг олгож, мэдээлэл хүргэх бөгөөд сургалтад хамрагдсан иргэд сайн дураараа аяны Сургагч өрх болно.
Сургагч өрх нь өөрсдийн идэвх санаачилгаар сургалтаас авсан мэдээллээ 5 хөршдөө хуваалцаж, хялбар шийдлүүдээс гэрт нь хэрэгжүүлж, дулаан алдагдлыг бууруулж чадвал Сургагч өрхөд Дулаан шийдэл төслийн зүгээс дээврийн дулаалгаар урамшуулдаг юм.
Одоогийн байдлаар Хялбар шийдэл аяны хүрээнд олдоц сайтай гарын дор материалаар гэрээ дулаалах боломжтой 9 шийдлүүдийг боловсруулсан бөгөөд Олон нийтийн сургалтаар эдгээр аргуудыг зааж сургахаас гадна богино хэмжээний видео бэлтгэн сошиал хэлбэрээр хүргэж байна.
Манай байшин 50 мкв талбайтай, Хялбар шийдлийн дулаалгын аргаар цонх, яндан, хаалгаа дулаалсан. Дулаалгын үр дүн илт мэдрэгдсэн. Гэр дулаан болохоор их тухтай, цэвэрлэгээ хийхэд урамтай, цэвэрхэн тохилог байх талаасаа их ахиц гаргасан.
Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн
Байшингийн хамгийн хямд бөгөөд гарын доорх материалаар дулаалах боломжтой хэсэг нь хаалга болон цонх байдаг. Зөвхөн цонх болон хаалгаа дулаалснаар 12% -иар дулаан алдагдлыг бууруулах боломжтой. Хаалгыг гэхэд л хуучин урагдсан хувцсаа ашиглан дулаалах боломжтой гэхээр их хялбар байгаа биз. Эдгээр аргаар байшингаа дулаалснаар тохилог тухтай амьдрахаас гадна дараах ач холбогдолтой.
-
Дулаалга хийснээр байшингийн дулаан алдагдал багасана
-
Нүүрс түлээ, халаалт, цахилгааны зардал буурна
-
Үр дүн нь шууд мэдрэгддэг
-
Эрчим хүчний хэрэглээ багасна
-
Хүлэмжийн хий багасаж агаарын бохирдол бууруулахад хувь нэмэрээ оруулна.
Хэрвээ та байшингаа гарын доорх материалаар дулаалаад өвлийн өнтэй давахыг хүсвэл дараах видеог үзэн дагаж хийгээрэй. Танд амжилт хүсье.
Цонхны хялбар дулаалга
Хаалганы хялбар дулаалга
Ханын дулаан алдагдлыг багасгах хялбар арга
Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн тухай
Дулаан Шийдэл II төсөл нь дөрвөн жилийн хугацаанд нийт 5,900 айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл хэрэгжүүлэх, 160 барилгын бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 17,700 тонноор бууруулах зорилготой ба төслийг Жэрэс ОУТББ, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац, Монголын Эмэгтэйчүүдийн Сан хамтран хэрэгжүүлж байна.
Утас: 7505-2000
FB page: Дулаан шийдэл
Веб хуудас: www.dulaalga.mn
Хялбар шийдлийн аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Дулаалгын Хялбар шийдэл фэйсбүүк групт нэгдэн аваарай.