Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг 85.7 хувийн саналаар сонголоо.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжих эсэхийг хэлэлцжээ.
“Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр баталлаа.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хийв. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Энхбаяр нар асуулт асууж, санал хэллээ.
Хуралдаанд Монголын социал демократ намын төлөөлөл Ж.Сундуйжав, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, Шинэ намын дарга Ц.Гантулга, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Иргэний зориг намын нарын бичгийн дарга Мөнхжаргал нар оролцон хуулийн хүрээнд жижиг намуудад тулгараад буй бодит нөхцөл байдлаа хэлжээ.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулна гэж МАН-ын бүлгээс мэдээлэв.
Харин УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн.