Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ сарын 3-нд цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн зарлиг гаргасан.
Уг гэнэтийн шийдвэрийг парламентын гишүүд хориглосны дүнд Ерөнхийлөгч шийдвэрээ цуцалсан ч түүнийг огцруулахыг БНСУ-ын иргэд болоод сөрөг хүчнийхэн шаардаж байна.
Тодруулбал сөрөг хүчний Ардчилсан намаас Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр суудлаасаа буухгүй бол түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлнэ гэж лхагва гарагт мэдэгдсэн.
Түүнчлэн “бослогын гэмт хэрэг үйлдсэн” хэмээн Юн-д ял оноох саналтай байгаагаа дэвшүүлжээ.
Улмаар парламент нь бямба гараг гэхэд түүнийг огцруулах эсэхэд санал хураалт явуулах аж.
Хэрэв санал хурааж огцруулах ажиллагааг эхлүүлэхээр болбол парламентын гишүүдийн 62 хувиас дээш нь дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
Үүний дараа Үндсэн хуулийн шүүхээс зургаан сар хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ. Шүүхийн зургаан гишүүн огцруулах шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлж, шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулах ёстой.
Мөн өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний оройноос иргэний нийгмийн байгууллагуудын уриалгаар иргэд хотын төвд лаатай жагсаал хийжээ.
Тус жагсаал цагийн дотор 10 мянга орчим хүн нэгдсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.
Түүнчлэн лхагва гарагт БНСУ-ын Батлан хамгаалахын сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч цэргийн дэглэмд шилжих болсон шийдвэрт хариуцлага хүлээж байна гэсэн юм. Ерөнхийлөгч Юн уг хүсэлтийг хүлээн авснаа пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Korea Times