Монгол хэлээрээ зөв сайхан бичиж, ярьдаг хүн тун ховор
болж. Хагас дутуу болсон, болоогүй гадаад хэл сурч, интернет орчин хэт нээлттэй
харилцдаг энэ нийгэмд үг үсгээ ч зөв эвлүүлж сураагүй байж цахим ертөнцийн үүд
хаалгыг нээж байгаа багачуудыг харахад өрөвдөх сэтгэл төрөх шиг.
Уг нь бид зөв бичээд, яриад сурчихвал хойч үедээ зөв л
үлгэр дууриалал болох ёстой юмсан. Гэвч ганцхан өгүүлбэр холбоо зөв биччих
чадалгүй, боловсролгүй хүмүүс төрийн ажлыг хийж, алдааг нь зассан хүнийг
элдвээр буруутган шүүмжилж, өөрсдийгөө зөвтгөж сууна. Үүний нэг жишээ \”Ухаалаг
Улаанбаатар” нэртэй төсөл. Уг нь Улаанбаатар гэдэг үгийг Монгол хүн алдаж
бичээд байх нь тун ховор. Зарим маргаантай, эргэлзээтэй үгийг бодоход
Улаанбаатар гэдэг үг дэндүү амархан шүү дээ. Гэтэл ухаалаг нэртэй төслийг
хэрэгжүүлэгчид улсынхаа нийслэлийг \”Улаанбатар\” гээд л биччихсэн байгааг доорх
зургаас харж болно. Ийм алдаатай хэчнээн карт хэвлэгдэж, худалдаанд гарсан бол?
Оросууд \”Уланбатор” гэж бичих нь бий. Бусад улс орнууд ч манай
нийслэлийн нэрийг янз бүрээр бичсэн байхыг харж байлаа. Гэхдээ бид арай ч
нийслэлийнхээ нэрийг алдаатай бичих дээрээ тулж, боловсролын хямралд өртчөөгүй
яваа байлгүй дээ. Нэг нь ажил хийж байгаа нэртэй, нөгөөх нь хянаж шалгадаг
дүртэй хүмүүсийн алдаанаас болоод л нийслэлийнхээ нэрийг алдаж бичсэн автобусны карт худалдаанд гарч,
түүнийг авсан бид мэт нь бухимдаж, харин багачууд буруу бичлэгийг зөв хэмээн
ойлгож хүмүүжиж байгаад л харамсаад байна даа. Энэ алдаагаа яаралтай засч,
ухаалаг нэрэндээ тохируулж ажиллана гэдэгт итгэж байна.
Үндэстэн агентлаг