Македоны Александр буюу Сулхарнайн түүхүүд дотор хэрхэн он удаан хаанчлах тухай багшаасаа асуусан нэгэн домог бий. Агуу Александрийн багш Аристотель юу ч хэлэлгүйгээр тариалангийн талбайд очиж хамгийн өндөр ургасан тариан түрүүг тасар татан хаяжээ. Багшийнхаа энэ үйлдлийг сонссон Александр өөрөөсөө ухаантай хүчтэй буюу арай түрүүлж боловсорсон хүмүүсийг хядаж эхэлсэн байна. Ийнхүү өөрөөсөө илүүг устгаж он удаан жил хаанчлах жишиг хүн төрөлхтөнд тэр цагаас хойш И.Сталин, Мао Зедун, А.Гитлер, А.Пинночет нарын удирдагч хүртэл оршин тогтносоор ирсэн. Гэхдээ дарангуйлагч нарын л арга барил. Ерөөс тэнэг хариуцлагагүй хүнд эрх мэдэл олгохгүй байхыг ардчилал гэдэг. Учир нь сонголттой болохоор тэр. Харин тэнэг хүнд эрх мэдэл олгосон хойноо хариуцлага ярьж, чанга гараар базахыг дарангуйлал гэдэг. Өөрөөсөө ухаантай хүмүүсийг нухчин дараад тэнэгүүдэд эрх мэдэл түгээнэ.
АН-ын шинэ дарга өөрийн арга барилаа \”жаахан хатуу гараар ажиллана, нам доторх хариуцлагын тогтолцоог чангатгана” гэж мэдэгдсэн байх юм. Ер нь ингэхэд улс төрийн нам бол үзэл бодлын нэгдэл гэдгийг мань дарга ойлгоогүй юм болов уу. Үзэл бодол нэгдэж намд орж, үзэл бодол салж намаас гардаг болохоос биш орсон хэдээ хатуу гараар дэглээд, хариуцлага тооцож байна гэж хөөж туугаад байдаг улс төрийн тэр нам, тэр тусмаа \”Ардчилсан” гэх нам байдаггүй байхаа. Нам дотор хатуу гараар \”Хаанчлах” гээд байгаа шалтгаан нь дарга нэрээр удаан дуудуулж, өөрөөсөө ухаантайг дарах, өөрөөсөө тэнэгүүдийг аялдан дагалдагч нар болгох гэсэн л нэг арга. С.Эрдэнэ вантан гэх шооч нэрээ үнэн гэж үнэмшээ юм болов уу, вангаас үсэрч хаан ширээнд суухыг хүсээ юм болов уу. Ард түмэн хариуцлага гэдэг үгэнд дуртай. Хариуцлага тооцох систем үгүйлж байгаа. Гэхдээ тэр нь нам дотор хэн нэгнийг чангалах тэр \”хариуцлага” биш юм. АН өөрийн гэсэн дүрэм журамтай, түүндээ захирагдаад явах хангалттай туршлагатай нам. Энэ намд нэг хүний чанга гар дутаагүй. С.Эрдэнэ өнгөрсөн ИТХ-ын сонгуульд ялаад, багт орж ажилласан бүхнээ Хандгайтад аваачин хавтгай найр хийсэн гэнэ. Хандгайтад хот доторх хот байгуулсан байх бөгөөд түүндээ эгээ л намын төв хорооны хуралд суух Сталин мэт маяглаж, ирсэн зочид нь гар хөлийг ньүнэсэхээс бусдаар бялдууч үгийг хайр найргүй хэлж байсан гэх юм. Энэ л бялдуучлал дунд амьдрах хүрээгээ мань хүн хязгаар хярхаггүй тэлэх хүсэлд автан байх шиг. Гэвч АН дотор түүний энэ хүсэлд саад болох олон чадварлаг улс төрчид бий. Тэд бол ирээдүйн С.Эрдэнийн дайснууд юм. Яваандаа ардчилсан нам С.Эрдэнэ болон түүний тойрон хүрээлэгчид хийгээд бусад гэсэн хоёрхон фракцтай болно. Нөгөө талд үлдэх өөрөөсөө илүү хүмүүсийг түлхэн зайлуулах бодлогоо С.Эрдэнэ иймэрхүү \”аятайхан” үгээр тайлбарлажээ. Р.Амаржаргал, Лу.Болд хоёр лав түүний дарангуйлалтай эвлэрэхгүй. Харин Э.Бат-Үүл хууччуул дундаасаа сайн дураараа нэгдэж магадгүй юм. Цагийн уртад О.Магнай, Ж.Батзандан тэргүүтэй Г.Баярсайхан, Б.Наранхүү удаатай \”өндөр боловсролтой” нөхдүүд С.Эрдэнээ үнэнчээр аялдан дагаж хууччуулаа шахаж эхэлнэ. С.Эрдэнийн хийж байгаа үйлдэл бүр ард түмнээ бодсон, хэлж буй үг бүр ард түмний төлөө мэт харагдаж эхэлнэ. Тэр хэрээрээ энэ хүний хүч нөлөө томорч адаг сүүлд нь толгой дээрээс буудаггүй Мангас болон хувирах болно. Арав хорин жилийн дараа өнөөгийн АН ардчилсан бус болж, гишүүд нь дарангуйлагчийн нөлөөлөл тогтоох үзэл суртлын зэвсэг болж, хүн бүхэнд С.Эрдэнэ вангийн сургаал номлолын мөн чанарыг таниулах гэж үзэж тарна. Хатуу гараар нам удирдах цаад зорилго ердөө л энэ. Магадгүй С.Эрдэнэ ийм юм бодоогүй байх л даа. Гэхдээ хүргэх үр дүн нь үүнээс өөр гарцгүй.