Хуульд заасан
хугацаанд багтаж, УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид
өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүллээ. Харин ирэх 17-ны
өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд хариу өгөх юм.
МАН-аас нэр
дэвшигч М.Энхболд \”Төрт ёс Монгол
төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй
хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие хуулийн
хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн, хуулийн
дагуу бүрдүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. МАН ахмад,
дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн
уламжлалтай улс төрийн хүчин. Тэр ч утгаараа өнөөдрийн арга хэмжээнд манай
намын дарга байсан асан Б.Даш-Ёндон, УИХ-ын туршлагатай улс төрч
Д.Лүндээжанцан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, манай
намын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа нарын намын аппаратын хамт олны
хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн
дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж
хүсч байна” хэмээлээ.
Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр
бүртгүүлсэн бөгөөд энэ үеэр \”Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль удахгүй
болох гэж байна. Улс төрийн хүчнүүд хуулийн дагуу нэр дэвшигчдээ сонгож,
материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж байна. Энд надтай хамт УИХ-ын
гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн
дарга Э.Эрдэнэжамъяан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал дарга байна. Мөн манай намтай
хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмждэг Т.Баярхүү, Ц.Шинэбаяр зэрэг
хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Сонгууль маань шударга болоосой. Шударга болох нь
бүртгэлийнхээ ажлыг шударга явуулах, өрсөлдөгчдөө өөрсдөө сонгодог биш, ард
түмэн сонгодог байдлаар зохион байгуулахаас эхэлнэ. Би
Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг
боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр
ажиллаж байсан. Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон
алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас
МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд
МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг
эхлүүлнэ гэж бодож байна. СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын
шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад
бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана
гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй\” гэсэн юм.
Харин АН-аас нэр
дэвшигч Х.Баттулга СЕХ-нд өөрийн материалыг хүлээлгэн өгснийхөө дараа \”2017 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын
нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль
амжилттай явагдах байх гэж бодож байна” гэсэн юм.