АНУ энэ сарын 13-нд Ираны газрын тосны чухал төв болох Харг аралд цохилт өгсөн билээ.
Харг арал нь Ираны түүхий нефтийн экспортын 90 орчим хувийг дангаараа хариуцдаг эдийн засгийн чухал бүс. Тухайн үед Трамп Харг арлыг эзэмшихээр санаархаж байж магадгүй гэх таамаг ч гарсан. Трампын засаг захиргаа Ормузын хоолойг нээлгэхийн тулд Харг арлыг стратегийн хөшүүрэг болгож магадгүй юм.
Тэгвэл Иран улс АНУ-ын болзошгүй цэргийн ажиллагаанаас сэргийлэн нэмэлт цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ Харгт байршуулжээ. Арлын ойр орчимд урхи занга тавьж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Иран сүүлийн хэдэн хоногт “MANPAD” гэгддэг газар-агаар ангиллын пуужингийн системийг арал дээр нэмэлтээр байршуулжээ.
Гэхдээ арал дээр хуурай замын ажиллагаа явуулах нь маш өндөр эрсдэлтэй гэдгийг АНУ-ын албаныхан болон цэргийн шинжээчид үзэж байна. Арлыг эзэллээ гээд Ормузын хоолойн асуудал болон Ираны дэлхийн эрчим хүчний зах зээл дээрх нөлөөлөлд өөрчлөлт орохгүй гэж Трампын зарим холбоотон анхааруулжээ. Үүний зэрэгцээ иранчууд өөрийнх нь нутаг дэвсгэр дээр байгаа АНУ-ын хүчинд хамгийн их хохирол учруулахын тулд чадах бүхнээ хийх ухаалаг бөгөөд харгис хүмүүс гэдгийг НАТО-ийн командлагч асан Жэймс Ставридис хэлсэн байна.
Үнэхээр ч Ираны парламентын хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Багер Галибаф “Х” хаягаараа жиргэхдээ “Хэрвээ дайсан улаан шугам давах л юм бол бүс нутаг даяар бүх чухал дэд бүтэц ямар ч хязгаарлалтгүй цохилтуудын бай болох болно” гэж сануулжээ.
Эргэн сануулахад, гуравдугаар сарын 13-ны цохилтоор АНУ арал дээрх 90 байд цохилт өгсөн. Үүнд, тэнгисийн цэргийн мина хадгалах байгууламжууд, пуужин хадгалах агуулахууд, хэд хэдэн цэргийн бааз багтжээ. Харин газрын тосны дэд бүтцүүдэд нь ёс журмыг бодож цохилт өгөөгүй гэж Трамп мэдэгдэж байв.
Харг арал нь Манхэттэний гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй. Энэ нь Персийн булангийн хамгийн хойд хэсэгт, Ормузын хоолойгоос хол оршдог боловч Ираны газрын тосны байгууламжуудтай тун ойр байдаг.












































































