Хууль зүй, дотоодын хэргийн яамны шилэн данснаас мэдээлэл устсан талаар Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа, “Шилэн данстай холбоотой асуудлыг холбогдох байгууллага Сангийн яамнаас лавлах хэрэгтэй. Сангийн яам нь үүнийг хариуцдаг хууль, журамтай” гэж хэлсэн. Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Б.Цогбадрах өнөөдөр /2026.3.26/ хариу тайлбар хийлээ.
Тэрбээр “Шилэн дансны тухай хуульд хэд хэдэн зохицуулалт байдаг. Үүний нэг нь Шилэн дансны тухай хуулийн 7-р зүйлд зааснаар ямар хүн мэдээлэл тавих, ямар хүн устгах, ямар хүн мэдээллийг өөрчлөх боломжтой талаар тусгасан. Энгийнээр тайлбарлавал, аливаа шийдвэр гаргаж өр төлбөр үүсгэсэн, мөнгө төгрөгтэй холбоотой, худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтан өөрөө олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Ялангуяа төсвийг ерөнхийлөн захирагч шилэн дансандаа дотоод хяналтаа хийдэг. Төлбөр болон мөнгөн хөрөнгийн зарлагын баримтад нэг болон хоёрдугаар гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан шилэн дансны мэдээллийг хийх үүрэгтэй. Шилэн дансандаа өөрсдөө мэдээллээ оруулдаг учраас устгах боломжтой. Хуулийн 5.3-т зааснаар шилэн данс цахим системийн хөгжүүлэлт, хөтлөлт, байгууллага нэмэх зэрэг үйл ажиллагааг Сангийн яам хариуцна гэсэн заалт байдаг. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яамдын мэдээллийг устгах боломжгүй. Аль зардлын гүйлгээг шилжүүлэх, санхүүжүүлэх нь тухайн байгууллагын өөрийн мэдэлд байдаг. Шилэн дансны мэдээлэлтэй холбоотой асуудлыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийтийн хурал болон Төрийн аудитын газар хянан шалгадаг. Иймээс эдгээр байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэх ёстой.
Төрийн сангаас хууль бус гүйлгээ гарсан тохиолдолд уг асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгадаг” гэв.






































































