
Замын-Үүд дэх Гаалийн газарт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдээлсэн.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тус газарт ажиллаж буй 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулжээ.
Одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “АТГ-аас энэ Мягмар гаригаас эхлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүдтэй холбогдон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй. Уг хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн энэ сарын 20-нд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр хэрэг нээн шалгаж байгааг дурдлаа.
© 2018 UNDESTEN.MN