Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан “Хүчит шонхор” худалдааны төвд өнөөдөр (2026.05.16) ажиллав. Үүний дараа тэрбээр Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь өнөөдрөөс чөлөөлж буйгаа мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан. Одоо бүр ард түмнийхээ амьжиргаа, амин зуулга, аягатай хоол руу ордог болжээ. Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа, үхрийн мах 40,000 төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй.
Өнгөрсөн жил 8,000 орчим тонн мах нөөцөлжээ. Энэ жил 5,000 орчим тонныг нөөцөлсөн. Ингээд есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийсэн. Ингэхдээ үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлж, 386 цэгээр борлуулж байгаа.
Гэтэл энэ цэгт нөөцийн мах нэг ч ирээгүй байна, би өнөөдөр явж шалгалаа. Энэ мах хааччихав аа? Жишээ нь иргэн Б буюу нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ. Тэр Туулын хурдны замын төсөл юу болсон бэ, үүнийгээ эцэслээч. Ард нь ямар ашиг сонирхол үүсээд байгаа юм бэ.
Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон, энэ нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна. Мөн тагнуул, цагдаатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж нийслэлийн бүх төсөл, тендер, үйл явдлыг шалгуулна” гэв.
































































