1930-д оны эхээр нэгэн залуу, гэр бүлийнхээ үе дамжин босгосон, тухайн үедээ улсдаа тэргүүлэгч нэхмэлийн бизнесийг шууд дампуурлын ирмэг рүү түлхэж орхив. Аав нь түүнд өөрийн насан туршдаа хураасан хөрөнгө, шинэ бүтээлийнхээ патентыг зарж олсон асар их хөрөнгөө өвлүүлж үлдээсэн байлаа. Гэвч хүү тэр бүх мөнгийг гэр бүлийнхээ үндсэн бизнест биш, хэний ч мэдэхгүй, хэзээ ч бүтэхгүй мэт санагдах нэгэн “галзуу” санаанд бүгдийг нь урсгаж эхэлжээ.
Тэрээр компанийнхаа нэгэн жижиг буланг тусгаарлаж аваад, өдөр шөнөгүй төмөр нүдэж, барууны орнуудаас оруулж ирсэн хөдөлгүүрүүдийг эд ангиар нь задлан судалж суув. Ингэж явсаар гэр бүлийнх нь нэхмэлийн бизнес нь санхүүгийн асар хүнд байдалд орж, хамаатан садан, түншүүд нь түүнийг “Эцгийнхээ нэрийг гутаасан, гэр бүлээ сүйрүүлж буй үл бүтэх этгээд” хэмээн дуудаж, бизнесээ орхихыг шаардаж байлаа.
Учир нь тэр үед Япончууд машин биш, ердөө л морин тэрэг болон рикша буюу хүн тэрэг л хэрэглэдэг байсан бөгөөд дотооддоо автомашин үйлдвэрлэнэ гэдэг бүтэшгүй үлгэр мэт сонсогдож байв.
Түүний бүтээсэн анхны хөдөлгүүрүүд нь дэлбэрч, анхны машинууд нь замын голд унтарч, хэдэн зуун мянган доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт нь хог дээр хаягдаж байлаа. Гэвч тэрээр нэг л зүйлд бат итгэж байв, “Ирээдүйд дэлхий ертөнц даавуугаар биш, дугуйтай хүлгээр хөдөлж эхэлнэ” гэдэгт.
Тэрээр шүүмжлэл бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, өдөрт ердөө 4 цаг унтаж, үйлдвэрийнхээ шалан дээр ажилчидтайгаа цуг тосонд хутгалдан зүтгэсээр байв. Тэрээр үйлдвэрлэлийн явцад гарсан алдаа бүрийг “бүтэлгүйтэл” биш, харин “сайжруулах алхам” гэж хардаг байлаа. Хэрэв тэр тухайн үед гэр бүлийнхээ шахалтаар бууж өгсөн бол өнөөдөр дэлхий нийтийн тээврийн хэрэгслийн дүр зураг шал өөр байх байсан биз.
Яг тэр хүнд хэцүү цаг үед, дампуурлын ирмэг дээр түүний гаргаж ирсэн үйлдвэрлэлийн онол нь хожим дэлхийн түүхэнд “Тоёотагийн үйлдвэрлэлийн систем” (TPS) буюу дэлхийн хамгийн үр ашигтай менежмент гэж нэрлэгдэх болсон юм.
Олон жилийн турш гэр бүлээ дампууруулах шахлаа гэж зүхэгдсэн ч, эцэст нь өөрийн тууштай зангаараа дэлхийн авто машины зах зээлийг үүрд өөрчилж, түүхэн дэх хамгийн найдвартай хүлгүүдийг бүтээсэн тэр хүн бол Toyota брэндийг үүсгэн байгуулагч Киичиро Тоёода (Kiichiro Toyoda, 1894-1952) байсан юм.








































































