Дэлхийн цаг уурчид энэ жил Номхон далайд идэвхжиж буй Эль Ниньо үзэгдлийг онцгой анхааралтай ажиглаж байна. Зарим тооцооллоор энэ удаагийн Эль Ниньо сүүлийн 75 жилд бүртгэгдсэн хамгийн хүчтэй тохиолдлуудын нэг болж магадгүй байна.
Энэ нь зөвхөн цаг агаарын төдийгүй эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг дагуулж болзошгүй юм.
Эль Ниньо гэдэг нь Номхон далайн экваторын бүсийн ус ердийнхөөс илүү халснаар дэлхийн хэмжээнд дулаан, чийгийн хуваарилалт өөрчлөгдөх үзэгдэл юм. Үүний улмаас зарим бүсэд ган нүүрлэж, нөгөө хэсэгт нь аадар бороо, үер ус, халууны давлагаа эрчимждэг. Энэ удаа далайн гадаргын температур дунджаас 2.5-3 хэмээр нэмэгдэж болзошгүй нь эрдэмтдийн анхаарлыг татав.
Өмнөх хүчтэй Эль Ниньогийн жилүүд нь дэлхийн температурын шинэ рекордтой давхацдаг. 1997-1998 оны Эль Ниньогийн дараа тухайн үеийн хамгийн халуун жил бүртгэсэн бол, 2015-2016 оны хүчтэй давлагааны дараа энэ үзүүлэлт дахин шинэчлэгдсэн.
Харин 2024 онд аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас 1.55 хэмээр дулаан байсан нь өнөөг хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт байв. Судлаачид ирэх жилүүдэд энэ үзүүлэлт дахин шинэчлэгдэх магадлалтай гэв.
Эль Ниньогийн нөлөө бүс нутгуудад харилцан ялгаатай нөлөөлдөг. Өмнөх тохиолдлуудын үеэр Зүүн болон Өмнөд Африк, Төв Америк, Номхон далайн арлын орнууд хамгийн их хохирол амссан. Гангийн улмаас ургац алдаж, бэлчээр доройтож, олон сая хүн хүнсний хомсдолд өртжээ. Энэ удаад Өмнөд Африк, Сахель бүс, Зүүн Африк, Төв Америк болон Азийн зарим бүсийг өндөр эрсдэлтэйд тооцож байна.
Гэхдээ Эль Ниньогийн эрсдэл зөвхөн ган гачиг, үерээр хязгаарлагдахгүй. Халуун, хуурай нөхцөл удаан үргэлжлэх үед ой, хээрийн түймрийн эрсдэл эрс нэмэгддэг. Өмнөх хүчтэй Эль Ниньогийн жилүүдэд Австрали, Индонез, Өмнөд Америкийн зарим хэсэгт асар их хэмжээний түймэр гарч, байгаль орчин төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол учруулжээ.
Түймрийн улмаас тариалангийн талбай, ой мод сүйдэхээс гадна, агаарын бохирдол нэмэгдэж, тээвэр ложистикт хүртэл саад учирдаг.
Монголд ч энэ эрсдэл хол биш. Сүүлийн жилүүдэд хаврын хуурайшилт, хүчтэй салхи, бэлчээрийн доройтолтой холбоотойгоор ой, хээрийн түймрийн тоо нэмэгдэж, хэд хэдэн аймагт томоохон түймэр бүртгэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй өнөө үед ийм төрлийн эрсдэл цаашид ч өсөх эрсдэлтэй.
Эль Ниньогийн бас нэг үр дагавар нь хүнсний зах зээлд үзүүлэх нөлөө юм. Ургац буурч, усны нөөц хомсдож, бэлчээр доройтох үед хүнсний нийлүүлэлт хумигддаг. Үүн дээр геополитикийн хурцадмал байдал, эрчим хүчний үнийн өсөлт, бордооны нийлүүлэлтийн доголдол давхацвал, хүнсний үнэ өсөх эрсдэл улам нэмэгдэнэ.
Эль Ниньо Монголд шууд нөлөөлдөггүй ч түүний үүсгэсэн дэлхийн цаг уурын өөрчлөлт манай орны ган, зуд, ургацын нөхцөлд дам нөлөө үзүүлж болзошгүй. Нөгөө талаас, дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт нь импортоос тодорхой хэмжээнд хамааралтай Монголын эдийн засагт ч нөлөөлөх боломжтой.
Өнөөдөр Иран дахь дайнтай холбоотойгоор эрчим хүч, бордоо, далайн тээвэр, хүнсний нийлүүлэлтийн сүлжээ зэрэг олон хүчин зүйл нэгэн зэрэг дарамтад орж байна. Шатахууны үнэ өсөхөд тариалалтын зардал нэмэгддэг. Бордооны нийлүүлэлт тасалдахад дараагийн ургац буурдаг. Ургац буурахад зах зээл дээрх нийлүүлэлт хумигдаж, улмаар хүнсний үнэ өсдөг.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн эрсдэлүүд зөвхөн энэ жилийн ургацын асуудал биш, харин ирэх жилийн хүнсний инфляцын асуудалд хүргэж мэднэ.
Өнгөрсөн жилүүдэд Монголын малчид, тариаланчид ган, зуд, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд ямар үнэтэй сургамж өгдгийг хангалттай мэдэрсэн. Тиймээс Эль Ниньог зөвхөн цаг уурчдын судалдаг үзэгдэл гэж харах боломжгүй. Энэ нь хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй, газар тариалан, инфляц, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой асуудал юм.
Дэлхийн цаг уурын системүүд улам бүр харилцан хамааралтай болж буй өнөө үед Номхон далайд үүссэн өөрчлөлт хэдэн сарын дараа Африкийн тариалангийн талбайд, Азийн хүнсний зах зээлд, тэр ч бүү хэл Монгол өрхийн хэрэглээний сагсанд хүртэл нөлөөлөх боломжтой.
Эх сурвалж: The Economist, “The coming El Niño could be the strongest ever recorded: That is bad news for a warming world”, June 20th-26th 2026.








































































