ЦЕГ-ын УСА-ны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн Урьдчилан сэргийлэх, дүн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бадамхатантай ярилцлаа.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаарх залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярина уу?
-Улсын хэмжээнд энэ оны эхний 7 сард залилах гэмт хэрэг 10633 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 460 нэгжээр буюу -4,1 хувиар буурсан боловч нийт гэмт хэргийн 34 хувийг, мөн үүнээс 7835 буюу 76,4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.
Залилах гэмт хэргийн илрүүлэлт өнөөдөр улсын хэмжээнд 49.3 хувьтай байгаа бөгөөд нийт иргэдийн 83 хувь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим орчин ашигладаг нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлж байна.
Тодруулбал, Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 50,357 гэмт хэрэг бүртгэгдсэн ба он тус бүрээр нь харуулбал тогтмол өссөн байна. Тухайлбал,
- 2021 онд 4,825 буюу 168.8 хувиар,
- 2022 онд 8,563 буюу 77.5 хувиар,
- 2023 онд 9,270 буюу 8.3 хувиар,
- 2024 онд 13,061 буюу 40.9 хувиар,
- 2025 онд 14,638 буюу 12.1 хувиар тус тус өссөн байна.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?
-Энэ онд бид залилагч этгээдүүдэд ашиггүй орчин бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч Монгол банк, Монголын банкнуудын холбооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, залилах гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаж байгаа арилжааны банкны дансны мэдээллийг санд бүртгэх, тухайн данс руу мөнгөн гүйлгээ /шилжүүлэг/ хийхэд анхааруулга өгөх технологийн шийдэл нэвтрүүлэх хүсэлтийг хүргүүлж, “гэмт хэрэгт ашиглагдсан дансыг идэвхгүй төлөвт шилжүүлж, улмаар дансны нэгдсэн санд бодит цагийн горимоор бүртгэснээр орлого хүлээн авах боломжийг хязгаарлах” арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна.
-Сүүлийн үед ямар төрлийн залилах гэмт хэрэг гарч байна вэ?
-Цахим орчинд сүүлийн үед үйлдэгдэж буй залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл: /2026 оны эхний 07 сар/
- Бараа, үйлчилгээ захиалж бусдад залилуулах — 54% (3590 тохиолдол)
- Лайв, сугалаа — 15% (1177 тохиолдол)
- Хаан банкны 35 жилийн ой, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны хуурамч линк холбоос дээр дарсан гэх — 4,4% (345 тохиолдол)
- KFC, PIZZA HUT хоол захиалах- 2.7% (212 тохиолдол)
- Бусдын цахим хаягийг ашиглан мөнгө гуйх — 1.8% (146 тохиолдол)
- Бусад (сугалаа, зээл, валют солиулах зэрэг) — 31.1% (1,535 тохиолдол)
Дээрх аргуудаас онцлог хэргийн талаар дурдвал, “Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал”, “KFC PIZZA HUT”-ын хуурамж линк хаяг, онлайн бараа бүтээгдэхүүн захиалга, лайв бичлэг төрлийн хусдаг сугалаа, үнэт чулууны азтан, томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газар, арилжааны банкуудын нэрийг ашигласан залилах хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Залилагч этгүүдэд хоёр төрлийн арга ашиглаж байна. Нэгдүгээрт, иргэдээс ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр авдаг, хоёрдугаарт, хуурамч линк байршуулан иргэдийн дансны хувийн мэдээллийг авч, интернэт банк руу нь нэвтэрч, дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар үйлдэгдэж байна.
– Үүний шалтгаан нь юу вэ?
-Ерөөсөө л иргэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, эсхүл иргэдийн мөнгөний хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан залилагч этгүүдүүд ашиглаад байна. “Та сугалааны азтан боллоо” гэхээр хожсон гэх мөнгөний 3/1 хувийг нь төлөх юм, яагаад? Нягтлаад, нэг шалгаад, асуугаад тодруулах боломж зөндөө байхад огт нягтлахгүй байна. Жишээ нь: Барууны улс орнуудад хэрвээ банкнаас таны хувийн мэдээллийг авах линк холбоостой мессеж ирэхэд тухайн улсын иргэд огт итгэдэггүй, энэ бол залилан гэдгийг бүгд мэддэг. Яагаад гэвэл банк хэзээ ч иргэдийн хувийн мэдээллийг авахаар залгах, линк холбоосоор мессеж илгээдэггүй. Тэгтэл манай улсын иргэд болохоор шууд л сандраад л мэдээллээ өгчих юм. Нэгхэн минут төвлөрөөд банк руу утасдаад энэ зөв үү, ямар учраас миний хувийн мэдээллийг авах гэж байгаа билээ гэж тодруулж асуух, эсхүл цахим орчинд интернэтийн эрин зуунд амьдарч байж гүүгл дээр нэг ч удаа хайлт хийгээд үнэн үү? гэдгийг шалгахгүй байгаад байна. Хэрвээ ингэж чадвал маш олон илэрцээр мэдээллийн үнэн зөвийг тогтоох боломжтой юм.
-Иргэд залилах гэмт хэргээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юу? Иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө үү?
-Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол арга нь аливаа нийгмийн харилцааны талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх нь чухал. Мөн өөрт зайлшгүй хэрэгтэй байгаа асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээлэлд үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх нь зүйтэй юм.












































































