ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж, Монгол улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдлөө.
Тус наадмын байт харвааны төрөлд манай улсаас дасгалжуулагч Д.Оюунхандын удирдлага дор охид, хөвгүүдийн нийн зургаан тамирчин оролцсон бөгөөд багийн төрөлд охидын баг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Энэ багт П.Энххүслэн, Н.Энхзул, М.Уранбилэг нар багтсан бол ганцаарчилсан харваанд Н.Энхзул хүрэл медаль хүртлээ. П.Энххүслэн Олон улсын хүүхдийн наадамд хоёр жил дараалан алтан медаль хүртсэн ба тэрбээр өнгөрсөн жил урд хөршид болсон тус наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн А.Чойжилсүрэн энэ тэмцээний үеэр дэд мастерын болзол хангасан байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо








































































