Улс төрд хөл тавьсан 2004 он хүртэлх \”Женко” Х.Баттулгын дүр төрх тун ээдрээтэй байсан юм. Олон түмэн түүний нэрийг сонсохтой зэрэг 17 чингэлэг спиртийн хэрэг, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг элдэв арга саамаар хувьчилж авсан, мафи төрхтэй нэгний төрх сэтгэлд буудаг байлаа. Гишүүн болсноосоо хойш энэхүү дүр төрхөө пиарчдын тусламжтайгаар өөрчилж, \”ард түмнээ гэсэн сэтгэлтэй”, \”эх оронч”-ийн дүрд амжилттай хувирсан, олон жил энэ багтайгаа явж байна.
Жүдогийн төрлөөр монголчууд олон жил хүсэн хүлээсэн Олимпийн алтан медальтай болсон нь түүний нэр хүндийг сансарт нисгэсэн гэхэд хилсдэхгүй. Цонжин болдог дахь хөшөө болон 13 дугаар зуун цогцолбор бол түүний нэрийн хуудас болсон. Тэр энэ бүхнээрээ бол хоосонгүй хүн гэдгээ харуулдаг. Гагцхүү үүнээс хойших Х.Баттулгын дүр төрх эргэлзээ төрүүлээд байгаа учир энэхүү нийтлэлийг танд толилуулж, зарим зүйлд анхаарлыг тань хандуулахаас өөр арга алга.
Х.Баттулга 12 жил УИХ-ын гишүүнээр суусан. Найман жил төрийн сайдаар ажилласан. Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа тэрээр эх орончийн төрхөө бага багаар алдах ажлыг өөрийн гараар хийсэн. Түүнд татвар төлөгчид хамгийн түрүүнд олгосон боломж бол Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам. Эх орноо бодсон сэтгэлтэй байсан бол энэхүү төмөр зам одоогоос арван жилийн өмнө баригдаад одоо өдийд бид ОУВС-гийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахгүйгээр өөрсдийгөө аваад явчих чадалтай байх байсан. Эх орноо хөгжилд дэвшилд авчирч болох ажлыг хийлгүй, MCS гэдэг компанитай хэвлэлээр дайтаж, хамаг алтан хормыг үр дүнгүй өнгөрөөж байсан даа. Тэрхүү боломж одоо болтол үгүйлэгдсээр, бид дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ борлуулж чадахгүй, хөөрхийлөлтэй байдалд байсаар байна.
Х.Баттулгад олгосон дараагийн нэгэн боломж бол Сайншандын аж үйлдвэрийн парк. Татвар төлөгчдийн өч төчнөөн сая төгрөгөөр ТЭЗҮ хэмээх цаас үйлдвэрлэж, судалгаа хийсэн. Эцсийн дүндээ ямар ч үр дүн гараагүй бөгөөд судалгаа хийсэн түүний шадар байсан Ч.Ганбат гэдэг залуу өдгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Түүнд олгосон энэхүү боломжийг ашиглаж чадаагүйнх нь төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг камерын өмнө зэмлэж байсан нь саяхан мэт санагдаж байгаа биз дээ.
Хамгийн сүүлд та бидний сайн мэдэх төмөр замын овоолсон шорооны асуудал сонгуулийн энэхүү өдрүүдэд сөхөгдөхөөс ч өөр арга алга. Даанч дээ гэмээр зүйл энд болж, олон ч хүн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Хэд хэдэн хүн зугатсан, гол зохион байгуулагч нь өдгөө Ерөнхийлөгчид нэр дэвшээд, эх оронч маскаа зүүчихсэн явж байна.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн ярьсныг та бүхэн эргэн санаарай. Өөрийн намын өнгөтэй өөдтэй бүх хүнийг хэвлэлээр намнасан. С.Баярцогт оффшорчин болсон. Лу.Гантөмөр мүүнчин болсон. Н.Алтанхуяг өөрөөсөө болж унасан.
Х.Тэмүүжинг ингээд яриад унангуут нэг нөхрийг шөвөгдөөд, АНУ-ын ЭСЯ-нд мэдээлэгч байсан гээд хэвлэлийн бага хурал хийлгэчихэж байгаа юм. \”Аятайхан байгаарай, Тэмүүжээн” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Тэр ийм л \”эх оронч”.
Хэрэв Х.Баттулга Н.Түвшинбаярын алт шигээ, Цонжин болдогийг барьсан шигээ ард түмнээ гэсэн сэтгэлтэй, эх оронч байсан бол бид өнөөдөр Таван толгойдоо төмөр замтай, Сайншандын аж үйлдвэрийн парктай, эдийн засгийн хүнд үед бусдын гарыг харахгүй, ядуу зүдүүгээ дэлхийд зарлахгүй, хүний гар харахгүйгээр сайхан амьдарч болох байсан. Хэрэв Х.Баттулга үнэхээр эх оронч юм бол намын гишүүдээ нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхирахгүй байх байсан.
\”Монгол Улсын Ерөнхийлөгч болбоос улс орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн баталгаа” болдог. Гэтэл энэ хүн эх оронч маскныхаа ард цаг үргэлж эвдрэлцүүлж, талцуулж, яс хаяж, бужигнуулж, дундаас нь ашиг олж амьдарсаар өдий хүрсэн байна шүү дээ. Ийм учраас түүний эх орончийн дүр төрхөд бид хууртах ёсгүй юм. Сонгох ёсгүй юм.
А.Уян