Жюү-жицү бөхийн хоёр удаагийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн тамирчин, багш
Цог-Очирын Батцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Жюү-жицү бөхийг 29
наснаас эхлэн сонирхон хичээллэж өдөр бүр амжилт гаргахын төлөө уйгагүй бэлтгэл
хийсээр ирсэн.
Жирийн эмэгтэй хүнд баймгүй хүнд хүчир бэлтгэлээс шантарч байгаагүй энэ бүсгүй
Монголд Жюү-жицүгийн дэлхийн
аварга цолыг авчирч чадсан бахадмаар нэгэн. Түүнтэй уулзаж барилдаан, гаргасан
амжилт, ажил мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
-Та яагаад энэ төрлийн спортыг сонирхох болсон бэ? Өмнө жүдо, самба
бөхөөр барилдаж улсын аварга болж байсан гэсэн?
-Би хүүхэд
байхдаа жүдо, самбо бөхөөр хичээллэж байсан. Гэхдээ бөхийн спортоо орхиод 10
гаруй жилийн дараа эргэн ирэхэд жюү-жицүбарилдах хүсэл хүчтэй төрсөн л
дөө. Би жюү-жицүбөхөөр хичээллээд гурван жил
болж байна. Харин Жюү-жицүгийн дэлхийн аварга болдог тэр жил би 30
настай байсан. Өмнөх жилээс нь эхлэн Жюү-жицү дэлхийн аваргын тэмцээнд өөрийгөө
бэлдэж эхэлсэн. Тэмцээнд оролцохын өмнө Гаруда клубын О.Болд-Эрдэнэ багшаасаа
зааварчилгаа аваад энэ спортын төрлөөр барилдаж эхэлсэн дээ. Ингээд бэлтгэл
хийж эхлээд гурав хоногийн дараа насанд
хүрэгчдийн УАШТ оролцоод түрүүлсэн. Энэ үеэс эхлэн өөртөө боломж бий гэдгийг
анзааран уйгагүй бэлтгэлээ хийсээр өдийг хүрлээ. Спортдоо эргэн ирээд буюу 2015
онд жюү-жицү, жүдогоор улсын аварга болоод
самбоор мөнгөн медаль авсан. Харин сүүлийн хоёр жил
Жүдогийн УАШТ-ээс медаль хүртээгүй ч нөгөө хоёр төрөлдөө медаль авсандаа сэтгэл
хангалуун байдаг.
-Өнгөрсөн
дөрөвдүгээр сард ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ. Тэмцээний талаарх
дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Тэмцээнд оролцох бүр өөрийгөө
улам бүр дайчилж аваргын цолоо бататгахыг хүсдэг. Гэвч зорилгоо гүйцэд биелүүлж
чадсангүй. Энэ жилийн тэмцээнд хагас шигшээд 2016 оны финальд шалгарсан
Португалийн бөх Ванесса Мариатай хүч үзсэн боловч энэ удаад ялагдсан. Тиймээс
мөнгөн медалийн болзол хангаж эх орондоо ирлээ.
-Та
дараагийн удаа ямар тэмцээнд оролцохыг зорьж байна вэ?
-Би ирэх сарын 14-нд Токио
хотод зохион байгуулагдах Жюү-жицү бөхийн Их
дуулга тэмцээнд 70 кг-ийн жинд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Спортод
хайртай хүмүүс маань мэднэ дээ. Жилд таван удаа зохион байгуулагддаг
уламжлалтай. Тиймээс өмнөх амжилтаа улам бүр ахиулж цааш цаашдын Олон улсын
томоохон уралдаан тэмцээнд оролцоно гэсэн бодолтой байна. Гэхдээ манай оронд Жюү-жицү бөх
харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн. Энэ спортын төрлийг Монголчилбол зодооны
төрлийн хэвтээ барилдаан гэж ойлгож болно.
-Тэмцээнд оролцох бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Спортын хүн
гэдэг тогтмол бэлтгэлтэй байж амжилт үзүүлдэг. Түрүүн дурдсанчлан сүүлийн
гурван жил тасралтгүй Жюү-жицү бөхөөр
хичээллэж байна. Одоогийн байдлаар бэлтгэлээ сайн хангаж байгаа. Ер нь өдөрт
тогтмол хоёр бэлтгэлтэй байдаг. Ажлын хажуугаар оройдоо Гаруда клубтээ очин
бэлтгэлээ хийдэг. Долоо хоногийн зургаад нь бэлтгэл хийдэг гэж хэлж болно.
Одооноос хурдтай бэлтгэл түлхүү хийж байгаа. Багшийн зөвлөснөөр хурдтай барилдахын тулд хичээж
байна. Сүүлд барилдаж эхэлсэн болоод ч тэр үү хурд муутай байдаг.
-2016 онд та ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. Эргэн дурсвал тухайн үед
ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Хамгийн анх
2014 онд УАШТ-д түрүүлээд дэлхийн аваргад оролцох боломж гарч ирсэн. Тэр жил
дэлхийн аваргад оролцохын хажуугаар АНУ-ыг үзэх зорилготой байсан юм. Гэхдээ
анхны жилдээ дүрмийг нь сайн мэдээгүй болохоор ялагдал хүлээсэн. Түүнээс хойш
дахиад нэг үзээд алдъя гэсэн бодол төрж
тасралтгүй барилдсан. Тухайн үед би өөртөө заавал дэлхийн аварга болно гэж
амалсан байсан. Харин 2015 онд санхүүгийн шалтгаанаас болоод оролцож чадаагүй.
Ер нь тэмцээнд явахад иймэрхүү асуудал их гарна шүү дээ. Ингээд 2016 оны дэлхийн аваргын тэмцээнд
оролцоод зорилгоо биелүүлсэн. Үнэхээр боломж тохироо цаг үе гээд бүхий л зүйлүүд
амжилтад минь нөлөөлсөн. Тэр жилийн тэмцээнд хоёр жил өдөр шөнөгүй бэлтгэл
хийсэн учраас надад ялагдах эрх байгаагүй. Ар гэрийнхэн, найз нөхөд багш гээд л
намайг дэмждэг хүмүүс бүгдээрээ надад итгэл хүлээлгэсэн. Эргээд бодоход сайхан
байдаг юм. Аливаа юмны цаана гарч өөрийгөө дэлхийн хэмжээнд үнэлнэ гэдэг.
Гэхдээ хараахан бардамнах болоогүй байна. Ирээдүйд Жюү-жицү бөхийн төрлөөр улс эх орны нэрийг гаргаж олон олон амжилтыг дэлхийн
тавцанд гаргахыг хүсч, зорьж явна.
-Жюү-жицү бөхийг сонирхож байгаа олон
хүүхэд залуус бий шүү дээ. Энэ төрлөөр хичээллэхийн давуу тал нь юу вэ?
-Жюү-жицү бөхийг
зодооны төрлийн хэвтээ барилдаан гэж ойлгож болно. Жюү жицү бөхийн тухайд спорт болон бразил гэсэн хоёр төрөл байдаг. Спорт
жюү жицү нь Японд үүсэн хөгжсөн бол бразил нь 1900 оноос тус улсад үүссэн
түүхтэй. Спорт жюү
жицү өшиглөж, цохидог, барилддаг, барьц авах дүрэмтэй байдаг бол Бразил жюү
жицү хөл гарт өчдөг, боох мэхээр өрсөлдөгчөө ялдаг онцлогтой аж. Тиймээс нэг хичээллэсэн хүн гарахад хэцүү.
Мөн бүсний хувьд ч ялгаатай байдаг. Анхнаас нь эхлээд хичээллэвэл хүн бүрт
боломж бий. Бусад төрлүүдтэй харьцуулахад бэртэл гэмтэл бага авдаг. Бүх насны
хүмүүс хичээллэж болно. Хичээллэсэн хүмүүсийг ажиглаад байхад бие хаа өв тэгш
хөгждөг онцогтой.
-Тэмцээнд
оролцохоос өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ. Тив дэлхийн уралдаан тэмцээнд явж
байгаа тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл их дутагдаад байх шиг санагддаг?
-Томоохон тэмцээнд оролцохдоо заавал түрүүлэх ёстой гэж
боддог. Ялангуяа томоохон тэмцээнээс медаль авах мөчид төрийн дуулал сонсох
хамгийн сайхан мөч байдаг. Түүнээс гадна гэр бүлийнхэн найз нөхөд, багш гээд л
надад итгэл хүлээлгэсэн бүхий л хүмүүсийнхээ урамыг хугалах эрхгүй гэж өөрийгөө
зоригжуулдаг даа.
-Таныг барилдахаас гадна \”Тэнгэр” дээд сургуульд биеийн тамирын багш
хийдэг гэж сонслоо. Сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Би
сургуульдаа биеийн тамирын багшаар ажиллаад зургаан жил болж байна. Хамгийн анх
оюутны ширээнээс салаад удаагүй байхад багшаар ажиллах санал ирсэн. Одоогоор нэг
анги гардан төгсгөөд байна. Ер нь манай сургууль бахархах зүйл ихтэй шүү.
Оюутнууд маань ч спортод их элэгтэй. Энэ
жилийн хувьд манай сургуулийн их онцлог жил тохиож байна. Учир нь манай
сургууль спортыг дэмжих жил болгон спортын төрөлд амжилт үзүүлсэн элсэгчдийг
дөрвөн жилийн турш урилгаар үнэ төлбөргүй сургаж, цаашдын ирээдүйн чадварлаг
боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байна. Мөн өөр нэг сайхан мэдээ дуулгахад
энэ жил архивын 90 жилийн ой тохиож байгаа учраас энэ хичээлийн жилд манай
сургууль бүх ангидаа 90 хувийн хөнгөлөлт зарласан. Гэхдээ зөвхөн элсэн орж
байгаа хүүхдүүд хөнгөлөлт эдэлнэ. Нийтдээ 15 мэргэжлээр элсэлт авч байгаа.
Тиймээс энэ ярилцлагыг уншиж байгаа хүүхэд залуус та бүхэн манай сургуулийг
зориорой гэж хэлмээр байна. Хэрвээ элсэгчид түүхч, архивын чиглэлээр мэргэжил
эзэмших гэж байгаа бол манай сургууль энэ чиглэлээр 23 дахь жилдээ мэргэжилтэн
бэлтгэж байна.
Дашрамд
дурдахад миний зүгээс сургуульдаа нэгэн санаачилга гаргасан. Спортод хайртай ч ар
гэрийн бололцоо муутай хүүхэд залууст дэмжлэг болох зорилгоор шинээр элсэх гэж
байгаа элсэгчдээс шалгаруулан гурван хүүхдийг сургуулийн зардлаар дөрвөн жил
үнэ төлбөргүй суралцуулна гэсэн санаачилга гаргасан. Амжилттай хэрэгжүүлнэ гэж
найдаж байна. Мөн бусад сургуультай харьцуулахад төлбөрийн уян хатан
нөхцөлтэйгөөр оройн эчнээ ангийн элсэлт авч байна.
-Ямар сайхан мэдээ вэ. Элсэлт хэзээ эхлэх вэ?
-Манай
сургууль энэ хичээлийн жилийн элсэлтээ ирэх сарын нэгэн буюу долдугаар сарын
нэгнээс 10 хоногийн хугацаанд нийт нийгмийн ухааны чиглэлээр 15 гаруй анги даа
элсэлт авна. Мөн элсэлтээс хоцорсон хөдөө орон нутгийн элсэгчдэд боломж олгох
зорилгоор нэмэлт элсэлт авна гэж заасан. Шинээр элсэгчдэд зориулан хувь хүний
чадавхийг хөгжүүлэх зорилгоор олон хөтөлбөрүүд төлөвлөж байна. Тэнгэр дээд
сургуулийн зүгээс амжилттай суралцсан оюутнуудад сурагч солилцооны хөтөлбөрөөр
дамжуулан Солонгос, Хятад зэрэг улсуудад оюутан бэлтгэдэг байгаа. Үндсэн хичээлийн
хөтөлбөрт гадаад хэлний хичээлүүд болох хятад, солонгос хэл судалдаг онцлогтой.
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй олон хүүхдэд таатай боломж
нээгдэж байгаа юм байна. Үнэхээр сайхан мэдээ байна. Сүүлийн асуултыг танд
үлдээж байна?
-Баярлалаа, спортын
хүн болно гэдэг их сайхан. Аливаад тууштай хандаж, сэтгэлийн хат, тэсвэр
тэвчээр суудаг. Иймээс миний санаачилсан спортыг дэмжих жил уриалгыг маань
хүүхэд залуус идэвхтэй дэмжиж хамрагдаасай гэж хүсч байна. Ирэх тэмцээнүүдээс
олон медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахыг зорьж байна.Мөн намайг
амжилт гаргахад хамт олон минь их нөлөөлсөн. Тиймээс бүгдэд нь баярлалаа гэж
хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Ариун