Өнгөрсөн наймдугаар сард Монголбанк болон засгийн газар хамтран нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Тодруулбал Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Тэгвэл энэ он гарснаас хойш нийт 2700 гаруй иргэнд зээл олгосон бол нэгдүгээр сард 365, хоёрдугаар сард 395, гуравдугаар сард 434 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ.
Харин дөрөвдүгээр сард ипотекийн үндсэн санхүүжилтээс гадна орон нутагт 15.9 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилтийг нэмж, шийдвэрлэснээр нийтдээ 705 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол тавдугаар сард Монголбанк, Засгийн газар 50.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 722 иргэнд ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгожээ. Харин зургадугаар сард Засгийн газар, Монголбанк хамтран 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөсөн байсан. Уг мөнгөн дүнгээр дунджаар 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдсэн аж. Гэвч ипотекийн зээлийн санжүүжилттэй холбоотойгоор хамрагдах зээлдэгчийн тоо улам буурч байна.