Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан МАХН-ын дэд дарга С.Ганбаатар саяхан өөрийгөө коммунист мөн чанартай гэдгээ тодхон харуулчих шиг боллоо. Тэрээр саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ард иргэдийн цалинг 5 сая болгох боломжтой талаар хэлжээ. С.Ганбаатар \”Уул уурхайн баялгаа хулгайгүй болгоё. Ингэснээрээ дээд боловсролоо үнэгүй болгоё, орон сууцаа үнэгүй олгох бүрэн боломжтой. Цалинг таван сая болгоно. Монголчууд Норвегиос илүү баялагтай. Гэтэл тэр улс иргэдээ үнэгүй орон сууцаар хангаж, залуучуудаа дэмжиж байна. Монголд бол Оюутолгой, Тавантолгойн баялгаа гадныханд үнэгүй өгч, иргэдээ ядуу зүдүү, ажилгүй болгож байгааг харахаар \”сэтгэхүйн гажигтай\” хүн шиг харагдаад байна. Ийм байдлыг бид таслан зогсооно” гэж ярьжээ. Түүнийг ингэж хэлэхэд мэдээж баярлах хүн
олон л гарах байх.
Гэхдээ С.Ганбаатар гуай сонгууль дуусаад өчнөөн хоног өнгөрчихөөд байна шүү дээ. Та болон танай намын дарга Н.Энхбаяр олон жилийн өмнө бас л ингэж хоосон амалж байсан. Харин одоо та өөрөө энэ үлгэрийн далай шиг сайхан амлалтыг дахин ярьлаа. МАХН бол уулаасаа коммунист угшилтай нам байсан. В.И.Ленин ч анх засгийн эрх авахаар улайрч байхдаа жирийн ард түмэнд өчнөө төчнөөн сайхан зүйлүүдийг амлаж байсан. А.Гитлер ч мөн адил. Тэгээд юу боллоо. Тэр бүгд ор мөргүй замхарч олон сая хүмүүс зовж зүдрэн Орос, Герман улсууд олон арван жилийн турш тамын тогооны үлгэрээр амьдарсан. Та нар бас ийм аргаар засгийн эрхийг авах гэж оролдож байвал дэмий дээ. Таны энэ хэлж байгаа үг чинь яг л коммунистууд болон фашистууд засгийн эрх авах үедээ хоосон амалдаг үеийг санагдуулж байна. Танд л гэж хэлэхэд эхлээд нүдээ сайн нээгээд харчих, дараа нь бодит байдал болон өөрсдийнхөө туулсан түүхээ эргээд нэг харчих гэж хэлмээр байна. Түүнээс биш худлаа хоосон популизмдаж, хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй л болов уу гэж таньд зөвлөе.
Ж.Батдорж