“Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль”-ийн төсөл боловсруулж өргөн бариулах талаар залуу хуульчдыг төлөөлж хуульч А.Гантамир өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэдэд ойлгомжтой байх үүднээс жолооч нараар жишээ татан уг хуулийн төслөө тайлбарласан юм.
Тэрээр мэдээллийн эхэнд “Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс эхэлж Захиргааны хариуцлагын хууль, Зөрчлийн тухай хуулиар солигдсон байгаа. Ингэснээр Эрүүгийн хууль зөрчсөнөөс бусад төрлийн хууль зөрчсөнөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан. Илүү ойлгомжтой байлгах үүднээс Зөрчлийн хуулийн дагуу хамгийн их торгох шийтгэл оногдуулдаг хэсэг бол жолооч нар байгаа. Бид бүхэн Зөрчлийн хуулийн дагуу ногдуулсан торгох шийтгэлийг нэг удаад өршөөх хуулийн төсөл боловсруулж, ирэх хаврын чуулганд өргөн барих боломжтой субъектээр дамжуулж батлуулах ажлыг хийхээр зорьж байна. Бид хаврын чуулганд өргөн бариулахаар төлөвлөөд байгаа хоёр төрлийн хуулийн төсөл байгаа. Нэгд, Зөрчлийн хуулийн торгох шийтгэлийг нэг удаад өршөөх, хоёрт, өрх болон эцгүүдэд жилд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийн тухай хуулийн төсөл.” гэлээ.
Мөн мэдээлэлд дурдсанаар, жолооч автомашинаа шилжүүлэх тохиолдол хүртлээ торгуулиа төлөхгүй байх үзэгдэл манайд элбэг байдаг. Хуульчдын боловсруулж буй хуулийн төсөл батлагдсанаар өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх Зөрчлийн хуулиар оногдуулсан торгох шийтгэлийг өршөөх аж. Хугацааны хувьд тайлбарлахдаа, нэгдүгээрт жилийн төсөв буюу улсын төсөвт орж ирэх орлого тасалбар болдог календарчилсан өдрийг сонгосон байна. Хоёрдугаарт, жишээлбэл ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөр заачихвал жолооч нар энэ хугацаанд нэмж зөрчил гаргах эрсдэлтэй гэдгийг тооцжээ. Уг хууль батлагдлаа гэхэд улсын төсвөөс болон иргэдийн халааснаас нэг ч төгрөг гарахгүй бөгөөд зөвхөн цаасан дээр бичигдсэн бичвэрийг л хүчингүй болгож байгаа онцлогтой гэдгийг цохон тэмдэглэлээ.
Хуулийн төслийн хүрээнд Зөрчлийн хуулиар ногдуулсан 5,5 тэрбум төгрөгийн торгууль хүчингүй болох ба үүнээс 3 орчим тэрбум төгрөг нь жолооч нарт ногдуулсан торгууль байгаа гэнэ. Тухайлбал, нэг автомашинтай иргэн ойролцоогоор 100-200 мянган төгрөгийн торгууль төлөх мэдээлэл torguuli.mn дээр албан ёсоор байна. Гэтэл энэ хүн автомашинаа шилжүүлэх тохиолдолд торгууль, даатгал зэргийг багтаагаад 300 мянгаас дээш төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай тулгардаг байна. Тиймээс энэ дарамтыг хөнгөлөхийн тулд өршөөлийн хуулийг батлах нь зүйтэй хэмээн тэд үзжээ.
Мөн Эрүүгийн хуулинд танхайрах гэдэг гэмт хэрэг байхгүй болж, торгох шийтгэвэрээр шийтгэх болсон. Энэ мэтчилэн Зөрчлийн хуулинд тусгагдсан торгох заалтаар хариуцлага хүлээх иргэдийг өршөөх тухай заалтуудыг хуулийн төсөлдөө тусгажээ. Одоо ч хуульчид судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм байна.
Тэд боловсруулсан уг хуулийн төслөө хуулийн төсөл өргөн барих эрх бүхий гурван субъектэд өгөх болно хэмээн мэдэгдлээ. Тэдний санаачлагад жолооч нар ихэд нааштай хандаж байгаа гэдгийг мөн энэ үеэр тодотгож байсан юм.
Я.Хулан