Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүргэдчин Р.Нургайв” “Манай аймагт 18 удаа бүргэдийн баярыг зохион байгуулсан. Энэ хугацаанд би тасралтгүй оролцсон. Харин Улаанбаатар хотод 11 дэхь удаагаа оролцож байна. Бид улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадсан. Би Монголоор бахархдаг. Учир нь манай Казах үндэстний 20 гаруй жилийн уламжлалыг дэмжиж байгаад туйлын баяртай байна” гэсэн юм. Харин Бүргэдчин Н.Айшолпан “Би бүргэдийн баярт гурав дахь удаагаа оролцох гэж байна. 2014-2016 оны хооронд кинонд тоглосон. Өнгөрсөн хугацаанд олон газраар киноны нээлтэд оролцлоо. Сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-д зочлоод шагнал аваад ирсэн. Энэ удаагийн бүргэдийн баярт оролцож байгаадаа баяртай байна “гэв.
Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ.Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан юм.
Ё.Бадрал:Энэ жил анх удаагаа бүргэдчидээ онгоцоор авчирч байна
Улаанбаатар аялал жуулчлалын холбооны /УБАЖХ/ тэргүүн Ё.Бадралаас дараах зүйлийг тодрууллаа.
-“ Хаврын Бүргэдийн баяр”ыг ирэх долоон хоногт зохион байгуулах гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
“Нийслэл Улаанбаатар хотод “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ 11 дэхь удаагаа болох гэж байна. Монголын бүргэдчид холбоо ТББ, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулж байгаа. Энэ жил анх удаагаа бүргэдчидээ онгоцоор авчирч байна. Энэ ажилд Нийслэл том дэмжлэг үзүүлсэн.
-Өнгөрсөн жилүүдэд бүргэдчид нийслэлд яаж ирж байсан вэ?
– Өнгөрсөн жилүүдэд Бүргэдчид машинаа өдөр явж ирдэг байсан. Харин энэ жил гурван цагийн дотор нийслэлд хотод ирж байгаа. Бүргэдчид үүнд их сэтгэл хангалуун байгаа. Бүргэдийн баяр ирэх Ням, Даваа гарагт буюу энэ сарын 4, 5-ны өдөр Чингисийн хүрээ, Жаргалантын аманд болно. Үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.