Англи улс болон Европ тивийн зарим газар нутаг сүүлийн хэдэн хоногуудад өвлийн хүндхэн цаг агаартай өдрүүдийг даван туулж байна. “Эмма” шуурга энэ 7 хоногийн эрс хүйтрэлттэй нэгдсэнээр Англичууд түүнийг “Зүүн зүгийн мангас” хэмээн нэрийдсэн байна.
Энэхүү цаг агаарын хүндхэн нөхцөл байдал Европ тивд үүссэний улмаас ихэнх агаарын нислэгүүд цуцлагдаж, цагдаагийн газраас Англи улсын зарим хэсгийн оршин суугчдад шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг анхааруулжээ.
Англи улсын цаг уурын газраас (UK Met Office) цаг агаарын “Улаан” түвшний анхааруулга гаргасан бөгөөд энэ нь “Хүний амь нас, эд хөрөнгө”-д хамгийн их аюул учирна гэдгийг анхааруулдаг юм. Улаан анхааруулгын бүсийн оршин суугчдад шаардлагагүй тохиолдолд аялалд гарахгүй байхыг мэдэгдээд байгаа юм. Пүрэв гарагт салхины хурд 31 м/с болж баасан гарагийн орой хүртэл явган шуурга шуурна гэж Английн цаг уурын газраас мэдээлжээ. Мөн баасан гарагийн өглөө гэхэд Уэльсын зарим хэсэгт 50 хүртэлх см цас орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан аж.
Эмма шуурга Ирланд улсын зарим хэсгээр дайрч өнгөрөхдөө нэлээд хэмжээний хохирол учруулж болзошгүй хэмээн таамаглаж байна. Цаг агаарын улаан анхааруулгыг Ирландын бүгд найрамдах улс даяар лхагва гарагийн оройноос эхлэн зарласан бөгөөд анхааруулга баасан гарагийн үдээс хойш хүртэл хүчинтэй гэнэ.