ОХУ шинэ төрлийн стратегийн цөмийн зэвсэг туршиж, олон улсын түвшинд байр сууриа тодорхойлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх технологийн амжилтад хүрсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.Улс орны эдийн засгийн байдлын талаар танилцуулсан илгээлтийнхээ эхлэлд тэрээр “Орос улс пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд шинэ цөмийн зэвсэг бүтээж байна” хэмээн онцоллоо. Путин “Орос улс цөмийн эрчим хүчний хүчирхэг гүрэн хэвээр байсаар байна. Гэхдээ хэн ч бидэнтэй ярилцахыг хүссэнгүй. Хэн ч биднийг сонсохыг хүссэнгүй. Харин одоо бидэнтэй уулзаад үзээрэй. Биднийг хэн ч сонсдоггүй бол одоо бүгд сонсдог болно” гэжээ. Мөн тэрээр “ОХУ-ын хөгжил, түүний дотор цэргийн салбарыг хязгаарлах хориг арга хэмжээний тухайд тэд амжилтад хүрч чадаагүй. Сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн ОХУ-ын зэвсгийн хүчирхэгжилтийг хязгаарлах оролдлого амжилтгүй боллоо” гээд “Бүгдээрээ хамтдаа сууж байгаа завийг бүү сэгсэрч зогсоо” хэмээн АНУ-д анхааруулав. Мөн тэрээр Орос улс шинэ технологиор бүтээсэн пуужингийн эсрэг хамгаалалтын систем болон цөмийн хөдөлгүүрт пуужингийн шинэ загваруудыг туршсаныг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, “Авангард” хэмээх энгийн пуужингаас 20 дахин хурдтай тив хоорондын баллистик пуужин, Оросын өмнөд хэсэгт туршсан “Кинжал” нэртэй 1250 км-ийн хол зам туулах чадвартай зэвсгийн систем зэргийг нэрлэж, дүрс бичлэгээр харуулсан байна. Оросын зэвсэгт хүчний өргөжилт дэлхийн энх тайвныг хамгаалахад чиглэсэн гэдгийг онцлоод, Орос болон түүний холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл хоромхон зуур хариуг нь барина гэжээ.