ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин холбооны зөвлөлийн хуралдаан дээр тус улс стратегийн шинэ зэвсэгтэй болсон хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулж АНУ-ын хэсэг сенаторууд тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонд хандаж, ОХУ-тай яаралтай яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. Тус баримт бичигт дурьдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-нд холбооны зөвлөлийн хуралдаан дээр тус улс дэлхийд өөр хаа ч байхгүй орчин үеийн шинэ зэвсэглэлтэй болсон гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор манай улс ОХУ-тай стратегийн яриа хэлэлцээ хийх нь чухал гээд, өдгөө Оросын шинэ зэвсэглэл нь стратегийн зэвсэглэлийг хорогдуулах СНВ-3 гэрээнд ямар ч хамааралгүй болсон хэмээн АНУ-ын сенатор Жефф Меркли, Дайан Файнстин, Эдвард Марки, Берни Сандерс нар гарын үсэг зуран захидал илгээжээ.
АНУ-ын сенаторуудын үзэж байгаагаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийх нь бага болон дунд тусгалын пуужинг устгах хэлэлцээр мөн тус улстай стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээний талаар шинэ гэрээ хэлэлцээр хийх боломж бүрдхэд ихээхэн дөхөм болох юм байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс дэлхийд өөр хаана ч байхгүй орчин үеийн цоо шинэ зэвсэгтэй болсноо зарласан бөгөөд эдгээр нь “Сармат” пуужингийн цогцолбор, усанд шумбагч өөрөө явагч торпедийн пуужин, цөмийн хөдөлгүүр бүхий пуужингийн цогцолбор, “Кинжал” хэмээх агаарын цохилт өгөх залуурт пуужин, лазерийн болон дуунаас хурдан гипер пуужин зэрэг зэвсэглэлүүд багтаж байгаа ажээ.