Бэлгийн дарамт үзүүлж байсан хэрэгт буруутгагдаад байсан Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Мин-Ки амиа алдсан байдалтай олдсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Бэлгийн дарамт хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөнийхний зарласны дагуу найман хүнд энэ төрлийн дарамт үзүүлсэн хэмээн түүнийг буруутгаад байсан юм.
Мэдээллийн Йонхап агентлаг, “Кореа Таймс” сонины дамжуулснаар нэрт жүжигчин залуу Сөүл хот дахь гэртээ амиа алдсан байна. Мин-Ки нь зөвхөн телевизийн шоунууд гэлтгүй уран сайхын маш олон кинонд дүр бүтээж, олны хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин байсан юм.
Өдгөө 52 нас хүрээд байсан тэрээр #MeToo хөдөлгөөнөөс зарласан хамгийн их шуугиан тарьсан эздийн нэг болоод байжээ. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тэрээр Чёонжу их сургуульд хичээл зааж байхдаа оюутнуудад бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг байсан хэрэгт буруутгагдсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан түүнийг албан тушаалаас нь огцруулсан аж.
Мин-Ки нь дээрх хэргүүдийг үгүйсгэж байсан ч хоёрдугаар сарын 27-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ гомдол гаргасан хохирогчдоос уучлалт гуйсан байна. Тэрээр, “Бүгд миний буруу, би буруутай хүмүүсийн нэг мөн. Надаас болж хохирч үлдсэн, өвдөж шаналсан бүх хохирогчдоос уучлалт гуйж байна. Би нийгэм болоод хуулийн өмнө буруутай үйлдлээ няцааж үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдэлдээ дурдаж байсан юм.
Орчуулсан Б.Болормаа