Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох байсан ч хойшлогдлоо. Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа учраас Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байсан аж. Тиймээс шүүх хуралдааныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд цахимаар явуулахаар болоод байсан юм.
Хуралдаанаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн нь санал авах зорилгоор Улаанбаатар хот болон бусад орон нутгаас “царцаа” зөөж сонгогдсон эсэхийг шүүх хурлаар хэлэлцэх байлаа. Харин хуралдаан ийнхүү тодорхой шалтгааны улмаас ирэх сарын 2-ны өдрийг хүртэл хойшлогдлоо.