Саудын Араб авлигын хэрэг мөрдөн шалгах тусгай нэгж байгуулахаар төлөвлөж байна. Авлигын хэрэгт холбогдуулан саатуулаад байсан бизнес эрхлэгч болон улс төрчдөөс 1 тэрбум гаруй ам долларыг нөхөн төлүүлсний дараа тус улсын эрх баригчид ийм шийдвэрт хүрчээ. Саудын Арабын хаан өөрийн газар нутаг, төрийн хөрөнгийг хамгаалахын тулд иймд шийдэмгий алхам хийх нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн Салман хаан энэ 4 дүгээр сард хувьчлалаас үүдэн гардаг авлигатай тэмцэх нь сэдэвт хурлыг зохион байгуулах аж. Тус улс нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ унасантай холбогдуулан сүүлийн гурван жилийн дотор нийт сан хөмрөгийнхөө гуравны нэгийг зарцуулсан тул эдийн засгийн шинэтгэл хийж дан ганц газрын тосны экспортод найдахаа болих төлөвтэй байна. Гэвч хөрөнгө оруулалт хийх гадаадын компаниуд авлигын өндөр эрсдэлтэй тулгарах магадлалтай байгаа юм. Тус улсад албан тушаалаа урвуулан ашиглах, гэр бүл танил талдаа давуу тал олгох, аливаа ажил хэрэгт дундын зуучлагч хүмүүсийг ашиглах зэрэг нь түгээмэл үзэгдэл бөгөөд бизнес ба улс төр нь хоорондоо ялгаагүй болсон тул авлигыг үр дүнтэйгээр устгах шаардлагатай байгаа ажээ.
Өнгөрсөн 11 дүгээр сард тус улсын эрх баригчид хэдэн зуун хүчирхэг бизнес эрхлэгчид болон хааны гэр бүлийн гишүүдийг авлигын хэрэгт холбогдуулан олон сарын турш саатуулсны эцэст ихэнх нь өөрийн хөрөнгөөс буцаан өгсний хариуд суллагдсан. Үлдсэн хэдэн арван хүний нэр нууц байгаа бөгөөд нийслэл хотын захад саатуулагдан, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэх магадлалтай байгаа юм.