Их Британи улс ОХУ-тай хоёр талын харилцаагаа бүрмөсөн зогсоож байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгджээ. Тодруулбал Их Британи улс ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт Лондонд айлчлах урилга хүргүүлснээ буцааж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь тэрээр ОХУ-ын 23 дипломатыг эх орон руу нь буцах шийдвэр гаргасан бөгөөд парламентын хуралдаан дээр “Орос улс Их Британий тавьж буй шаардлагад хайхрамжгүй хандсан” хэмээн хэлсэн юм. Харин энэ талаар ОХУ хариу мэдэгдэл гаргасан бөгөөд тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британид айлчлах урилга огт хүлээж аваагүй хэмээн мэдэгджээ.
Энэ сарын 4-нд ОХУ-ын цэргийн тагнуулын албанд ажиллаж байсан Сергей Скрипаль болон түүний охин Юля нарыг Их Британийн Солсбери хотын гудамжинд ухаангүй хэвтэж байхыг нь олсон ба тэднийг мэдрэлд хүчтэй нөлөөлдөг маш хүчтэй хороор хордуулсан болохыг тогтоосон юм. ОХУ Сергей Скрипалыг Их Британийн тагнуулын албанд элсэгдэж, эх орноосоо урвасан хэргээр 2006 онд ял тулган баривчилж, шүүхээс ял оноосон бөгөөд тэрээр 2010 оны өршөөлийн хуульд хамрагдсаныхаа дараа Их Британийн Нэгдсэн Вант улсын иргэн болсон ажээ. Их Бриатний зүгээс С.Скрипалийг охиных нь хамт хордуулсан бодисыг ОХУ-д боловсруулсан учраас уг хэргийг оросууд үйлдсэн гэж үзэж байгаа юм.