Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт иргэн А-гийн хашаанд Хараа голын халиа орж, гэр нь усанд автсан тухай дуудлагыг өчигдрийн 09:00 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй нийт 16 хүн, 4 автомашинаар 09:40 цагт очиж, тухайн айлыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгосон байна. Тус сумын Хараа багийн 4 дүгээр хэсгийн Хараа гол дагуух сэтэрсэн үерийн даланд 70 тн шороо зөөвөрлөн буулгаж, сэргээн засварласан аж.
Мөн тус аймгийн Сайхан сумын Гавшгай багт иргэн Э, иргэн Ч нарын хашаанд шар усны үер орж ирсэн тухай дуудлагыг өчигөр 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, “Хөтөл-Цемент шохой” ХК-ийн 3 албан хаагч, нийт 13 хүн, 3 автомашинаар 18:55 цагт очиж, үерийн далангийн сэтэрсэн гурван хэсэг газарт 40 тн шороо зөөвөрлөн буулгаж аюулгүй болгосон байна.
Мөн өдрийн 20:40 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд шар усны үер орж, гэр байшин усанд автсан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн, Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн, нийт 123 хүн, 23 автомашинтайгаар 20:50 цагт газар дээр нь очжээ. Улмаар алба хаагчид 7 цаг ажиллаж, 12 иргэн, 7 өрхийн эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны үерийн голидролыг өөрчлөх, 800 тн шороо зөөвөрлөн далан байгуулах ажлыг хийж, аюулгүй болгосон байна.