АНУ-ын Алабама мужид хүнд гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах шинэ арга технологийг боловсруулжээ. Энэ тухай New York Post сонинд мэдээлсэн байна. Цаазаар авах ял буюу ялын дээд хэмжээг гүйцэтгэхэд азот ашиглахыг зөвшөөрсөн хуулийг тус муж улсын төлөөлөгчдийн танхим сайшаан баталжээ.
Энэхүү аргыг урьд өмнө нь огт ашиглаж байгаагүй бөгөөд үхлийн тариа хийх боломжгүй үед энэ аргыг ашиглахаар төлөвлөсөн байна. Харин АНУ-ын бүгд найрамдах намын гишүүн Жим Хилл энэ талаар хэлэхдээ “Уг арга нь зүгээр л нойрсуулдаг учир хурдан, өвдөлтгүй бөгөөд бас илүү хүмүүнлэг арга юм” хэмээн мэдэгджээ. Гэхдээ уг хуулийг эсэргүүцэгчид шинэ арга нь өвдөлт мэдрүүлэхгүй гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд үүнээс үүдэн зарим эрүүл мэндийн компаниуд хорих газруудыг азотын хийгээр хангахаас татгалзаж байгаа юм байна. Харин АНУ-ын Ардчилсан намын гишүүн Томас Жексон хэлэхдээ “Урьд нь бид цахилгаан сандал хэрэглэдэг байсан бол одоо хорт хий ашигладаг үе рүү очиж байна” гэсэн байна.
Энэхүү аргыг урьд нь АНУ-д ашиглаж байгаагүй бөгөөд үүнтэй төстэй аргыг ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төслийг Оклахома болон Миссисипи муж улсад өмнө нь сайшаан баталж байжээ. Гэхдээ Оклахома мужид цаазын ялыг хориглосон хуулийг цуцалсны дараа л хорт хий ашиглахаар төлөвлөж байгаа аж. Мөн цаашид энэхүү шинэ аргыг улам боловсронгуй болгохоор тус мужийн хууль тогтоох байгуулалага ажиллах юм байна.