Дорноговь аймгийн Сайншанд хотод хятад хэлний сургалтын төв байгуулахаар болов.
Энэ асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод тус хотын Ардын Хурлын Төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга Уулын урилгаар зочлохдоо хүсэлт гаргасан нь ийн ажил хэрэг болж, Сайншанд суманд хятад хэлний сургалтын төвийг энэ оны есдүгээр сард багтаан байгуулахаар тохиролцсон байна. Үүнээс гадна Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн сурагчид мөн адил хятад хэл үзэж байгаа юм.
Дорноговь аймаг улсын хилийн зүүн өмнөд бүсэд оршдог бөгөөд өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг төдийгүй Замын-Үүдийн томоохон боомтоор БНХАУ-ын иргэдтэй харилцах, худалдаа арилжаа хийх, хамтран ажиллах шаардлага гардаг тул хүүхэд залуусыг хятад хэл сургах, судлуулах, хятад хэлний сайн мэргэжилтэнтэй болох, хөрш орноо таньж мэдэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгцээ их байдаг гэж албаныхан тодотгов.