Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүлхий өвч илэрчээ. Энэ сарын 27-ны өдөр тус хорооны иргэн н.Төмөрбатын гурван үхрээс малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Нийслэлийн мал эмнэлгийн газраас үхрүүдээс дээж авч шинжилгээнд явуулжээ. Одоогийн байдлаар шинжилгээний баталгаажсан дүн хараахан гараагүй байгаа ч урьдчилсан шинжилгээгээр шүлхий өвчин гэдэг нь тогтоосон гэдгийг албаны эх сурвалжууд мэдээллээ. Уг голомтын бүсэд нийслэлийн Мал эмнэлгийн газар, Сонгино хайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны цагдаа нарын бүрэлдэхүүн хяналтын пост ажиллуулж байна. Голомтгой хэсгээс хүн гаргахгүй байгаа аж.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нийтдээ 3511 үхэр байдаг юм байна
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нийт 198 өрхийн 7667 мал байдаг юм байна. Үүнээс 3511 үхэр. Дүүргийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг тус хорооны нэгдүгээр хэсэгт нарийвчилсан шинжилгээ авахаар ажиллаж байгаа аж. Иргэн н.Төмөрбатын хувьд 37 үхэртэй аж. Хэдэн хоногийн өмнө малд нь сэжиг бүхий шинж тэмдэг илэрч эхлэнгүүт дүүргийнхээ Буян хөхийн мал эмнэлэгт дуудлага өгч, малаа шинжилгээнд оруулжээ. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард бүх малаа вакцинжуулсан байна. Ингээд нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн албаны дарга М. Түмэн настай холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад” Хорио цээрийн дэглэм тогтоосон ажиллаж байгаа. Өнөөдөр нарийвчилсан шинжилгээний хариу гарна” гэв.
Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа
Улсын хэмжээнд 2018 он гарснаас хойш Дорноговь аймгийн 7, Дундговь аймгийн 8, Булган аймгийн 6, Төв аймгийн 3, Өмнөговь аймгийн 2, Сүхбаатар аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Орхон аймгийн 1, Дорнод аймгийн 1, Хэнтий аймгийн 1, Архангай аймгийн 2, Өвөрхангай аймгийн 2 сум зэрэг нийт 12 аймгийн 39суманд шүлхий өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 8 аймгийн 23 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа. Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгино хайрхан дүүргийн Баруун туруу, Шар хөтөлдэхь Мал эмнэлгийн хяналтын цэг, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр дэх Мал эмнэлгийн хяналтын цэг,Бага хангай дүүрэг, Хан–Уул дүүргийн Өлзийт, Таван толгой гүүрний АТШБТовчоодод Ариутгал, халдваргүйтгэлийн цэгүүдийг 24 цагаар ажиллуулж, нийт 58448 автомашинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.