ОХУ-ын Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гуравдугаар сарын 25-нд гал гарч, ойролцоогоор 64 гаруй хүн түүний дотор бага насны олон арван хүүхдүүд амиа алдсан тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус худалдааны төвийн жинхэнэ эзэмшигч “Кемеровын чихэр, нарийн боовны үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Юлия Богдановаг энэ хэрэгт холбогдуулан баривчилжээ.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны төлөөлөгч Светлана Петренкогийн мэдэгдэж байгаагаар, “Өвлийн интоор” худалдааны төв нь галын аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангахгүй байгаа талаар тус худалдааны төвийн захирал Юлия Богдановад удаа дараа анхааруулж байсан бөгөөд харамсалтай нь тэрбээр тухайн үед энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь өнөөдөр ийнхүү олон тооны хүүхэд амиа алдахад хүргэлээ гэсэн байна. Одоогоор ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос Ю.Богдановад галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн төдийгүй улмаар олон хүнийг амиа алдахад хүргэсэн хэргээр буруутган түүнд эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.