Чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Г.Отгонжаргал түрүүлж, алтан медалийн эзэн болов. АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубт эхэлсэн тэмцээний эхний өдөр /03.31/ цэргийн дэлхийн аварга /2017/, Испанийн Гран пригийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал эзэн орны Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0-ээр тус тус ялж аваргалжээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Монгол, Бенин, Канад, Израиль, Казахстан, Молдав, Перу, БНСУ, ОХУ, Тажикистан, АНЭУ, Украин, Венесуэль гэсэн 14 орны бөхчүүд зодоглож байгаа юм. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүдийн барилдаан болж жин тус бүрийн шилдгүүдийг тодруулна.