Энэ анхилуун үнэрт гайхамшигт цэцэг яг далайн давлагаа түлхэн ирэх мэт жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс эхлэн дэлхийг цайлгаж, дөрөвдүгээр сарын эхэн үеэр цэцэг зулгаран жимс суудаг билээ.
Японд жил бүр сакура цэцэглэх үеэр баярын үйл ажиллагаа зохиодог юм. Мөн тэд Сакура харсан хүн залуужсан мэт болдог хэмээн ярих дуртай. Богино настай ч энэ цэцэг үүрд мөнх, үнэнч шударгыг зөгнөдөг байна. Түүнчлэн Сакурагийн бэлгэдлийг янз бүрээр тайлбарлах нь бий. Ихэвчлэн эмэгтэй хүний гоо үзэсгэлэнтэй зүйрлэдэг бөгөөд Сакураг тэмдэглэх япон ханз үсэг нь чимэг зүүлттэй бүсгүй хүнийг дүрсэлсэн хэмээдэг байна.
Цэцэг цэцгийн дээд сакура гэдэг лугаа адил эрчүүдийн сор бол самурай гэнэ. Самурай энэ цэцэг мэт агшин зуурын амьдрал, богино настай. Эзнийхээ, багшийнхаа төлөө өөрийн амьдралаа золиослоход тэд хэзээд бэлэн. Орь залуу насандаа амиа алдсан самурайн дурсгалыг хүндэтгэн сакура дэлбээлдэг гэх япончуудын эртний домог ч байдаг аж. Харин сүүлийн жилүүдэд сакураг дэлхий дахинаа эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн үзэх болжээ. Тиймээс өнөөдөр дэлхийн аль ч улсад сакура цэцэглэхийг харж болно.
Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, 2000 жилийн өмнө Чинь, Хань улсын үед Сакура цэцгийг хааны ордонд тарьж суулгадаг байжээ. Эртний Тан улсаас эхлэн энгийн ард олон хашаандаа тарьж суулгадаг болсон байна. Тухайн үед Японоос мөргөл хийхээр ирсэн мөргөлчид нутаг буцахдаа Сакура цэцгийг аваачиж тарьж ургуулснаас өнөөг хүртэл 1000 гаруй жилийн нүүрийг үзжээ.
Япончуудын үндэсний бэлгэдэл болсон энэ цэцэгт мод 300 гаруй төрөл, цэцгийн өнгө олонхдоо цагаан ягаан байдаг. Сакура нь нутгийн өмнөд хэсгийн Кюсю мужаас эхлэн цэцэглэж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд Токио хотоор дамжин тавдугаар сар гэхэд Хоккайдо аралд цэцэглэн дуусдаг байна.